АНУ-ын тавьсан саналыг “бодит бус” гэж шүүмжилсэн Ираны эрх баригчдыг Трамп дахин сүрдүүлэв
Нэг сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайныг дуусгах АНУ-ын саналыг зуучлагчаар дамжуулан хүлээж авснаа Ираны эрх баригчид өчигдөр буюу Даваа гарагт мэдэгджээ.
Гэхдээ тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаэил Багаей уг саналыг “бодит бус, логикгүй, хэрээс хэтэрсэн” гэж дүгнэсэн байна.
“Манай байр суурь тодорхой. Бид түрэмгийлэлд өртөж байна. Тиймээс бидний бүх хүчин чармайлт өөрийгөө хамгаалахад чиглэх болно” гэж тэр хэлжээ.
Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөхөөр сүрдүүлсэн байна.
“Маш их ахиц дэвшил гарсан хэдий ч ямар нэг шалтгаанаар тохиролцоонд хүрэхгүй удвал, Ормузын хоолойг бизнесүүдэд нэн даруй нээхгүй бол бид тэдний бүх цахилгаан станцууд, газрын тосны цооногууд, Харк арлыг бөмбөгдөж бүрэн устгасны дараа Иран дахь ажиллагаагаа дуусгах болно” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Үүнээс гадна Трамп далайн усыг давсгүйжүүлэх үйлдвэрүүдийг нь устгахаар Ираныг сүрдүүлсэн байна.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөх хугацаагаа АНУ-ын зүүн эргийн цагаар дөрөвдүгээр сарын 6-ны орой хүртэл хойшлуулах шийдвэрийг зарласан юм.
Хоёр улсын хооронд зуучилж буй Пакистан улсын аюулаас хамгаалах албаны төлөөлөгч энэ долоо хоногт шууд яриа хэлэлцээ болох магадлал бага байгааг хэлжээ.
Энэ хооронд талууд агаарын довтолгоогоо үргэлжлүүлсээр байлаа.
Израилийн арми өчигдөр Йемений зүгээс харвасан хоёр дроныг устгаснаа мэдээлсэн байна. Йемений хүн ам шигүү суудаг нутгийг хянадаг Ираны холбоотон Хусит босогчид үүнээс хоёр хоногийн өмнө Израил руу пуужин харваснаар дайнд оролцож эхэлсэн юм.
Өчигдөр Израилийн арми Тегеран дахь цэргийн байгууламжууд болон Ливаны нийслэл Бейрут дахь Ираны холбоотон Хезболла зэвсэгт бүлэглэлийн дэд бүтцэд агаарын цохилт өгснөө мэдээлжээ. Хариуд нь Ираны тал Израилийн нутаг дэвсгэрийг чиглүүлэн олон тооны пуужингууд харвасан байна.
Туркийн батлан хамгаалах яам Ираны зүгээс харвасан баллистик пуужин агаарын орон зайд нь орж ирснийг Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрладаг НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах систем устгасныг бас мэдээлсэн байна.
Йемений Хуситууд дайнд татагдан орсон нь дэлхийн эрчим хүч тээвэрлэлтийн бас нэг чухал зам болох Баб эль-Мандебын хоолойд аюул учруулж байгаа юм.
Ойрх Дорнодын дайн нь бүс нутгийн улсуудын эдийн засагт ноцтой саад учруулж, өмнөх хямралаас дөнгөж сэргэж буй дэлхийн олон орны эдийн засгийн хэтийн төлөвийг бүдгэрүүлж буйг Олон Улсын Валютын Сан өчигдөр анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
