ХХОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэний төлөх албан татварын хувь хэмжээг өөрчлөх хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өнөөдөр (2026.03.30) өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан PN-202503-75391 дугаартай Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100,860 иргэний санал авсан байна.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн байршуулсан PN-202503-75391 дугаартай өргөдлийг дэмжиж саналаа өгсөн 100,860 иргэний 85 хувь нь 18-40 насны, 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд, 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдлаа. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийн нэгдүгээр зүйлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний төлөх албан татварын хувь хэмжээтэй холбоотой өөрчлөлтийг, хоёрдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийн өөрчлөлт, гуравдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийг хассан өөрчлөлт, дөрөвдүгээр зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт, тавдугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна.

Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ, бааз тэлж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар