Трампын өгсөн зөвшөөрлөөр Оросын газрын тос тээвэрлэсэн хөлөг Кубад хүрчээ
АНУ-ын эрчим хүчний хоригт ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч буй Куба улсад Оросын газрын тос тээвэрлэсэн хөлөг хүрчээ.
Ерөнхийлөгч Трамп хэдийгээр Кубад газрын тос нийлүүлсэн орнуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан ч хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр Оросоос газрын тос нийлүүлэхийг нь зөвшөөрсөн байна.
Ням гарагт тэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэн нэгэн тэнд газрын тос буулгахад бид дургүйцэхгүй. Тэд амьд үлдэх ёстой шүү дээ” гэж зөвшөөрч буйгаа тайлбарлажээ.
Түүний энэ зөвшөөрөл нэг удаагийн, эсвэл байнгын эсэх нь тодорхойгүй байна.
Гэхдээ Трамп “Тэд муу дэглэмтэй. Тэдний удирдлага маш муу, авлигад идэгдсэн. Тиймээс тэдэнд газрын тос өгсөн, өгөөгүй ялгаагүй болсон” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл тэр Кубын коммунист дэглэм удаан тогтохгүй нь тодорхой болсон тул амь тариа хэлбэрээр газрын тос нийлүүлэхэд асуудал байхгүй гэж үзэж байгаа бололтой.
Хүмүүнлэгийн тусламж болох 100,000 тонн түүхий газрын тос ачсан “Анатолий Колодкин” нэртэй хөлөг Кубад очсон тухай Оросын хэвлэл мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Кубын найз нөхдөдөө шаардлагатай тусламжийг үзүүлэх нь Орос улсын үүрэг гэж бодож байна” гэж энэ талаар хэлсэн юм. Уг нийлүүлэлтийг “Америкийн түншүүдтэйгээ урьдчилан тохиролцсон” гэж тэр бас тайлбарлажээ.
“Анатолий Колодкин” ачсан газрын тосоо ойрын хэдэн цагийн дотор Кубын Матанзас терминалд буулгах төлөвтэй байна.
Нэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог гэрээс нь баривчилсны дараа Куба улсын эрчим хүчний хангамж эрс муудсан юм.
Одоо Кубын удирдагчид АНУ-тай уг хямралаас яаж гарах арга замыг хэлэлцэж байгаа.
Венесуэл, Ираны дараа АНУ-ын дараагийн бай Куба болохыг өнгөрсөн долоо хоногт болсон арга хэмжээний үеэр Трамп мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
