Хятадын чингэлэг тээврийн хөлгүүд Ормузын хоолойгоор хоёр дахь оролдлогоороо нэвтэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт буцаж байсан Хятадын чингэлэг тээврийн хоёр хөлөг өчигдөр буюу Даваа гарагт Ормузын хоолойгоор амжилттай нэвтэрч, задгай далайд гарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг чухал зам болох энэ хоолой хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилийн зэвсэгт хүчин Иранд довтолж эхэлснээс хойш хаалттай байгаа юм.

“Өнөөдөр хоёр хөлөг хоёр дахь удаагийн оролдлогоороо хоолойг амжилттай нэвтэрсэн нь мөргөлдөөн эхэлснээс хойш Персийн буланг орхин явсан Ираны далбаагүй анхны чингэлэг тээврийн хөлгүүд боллоо. Одоогоор тэд Оманы булангийн чиглэлд өндөр хурдтай аялж байна” гэж далайн тээврийн бүртгэл мэдээллийн MarineTraffic сайтыг эзэмшдэг Kpler компанийн шинжээч Ребекка Гердес мэдээлжээ.

Хөлгүүдийг эзэмшигч Хятадын COSCO компани гуравдугаар сарын 25-ны өдөр Азийн орнуудаас Персийн булангийн Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Бахрейн, Катар, Кувейт, Ирак улсууд руу ачаа тээвэрлэх захиалгаа сэргээж буйг харилцагчдадаа мэдэгдэж байв.

Дайн эхэлснээс хойш Иран улс Ормузын хоолойг хаасны улмаас Персийн буланд одоо хэдэн зуун хөлөг, 20,000 орчим далайчин гацаад байгаа.

Хэдийгээр Энэтхэг, Пакистан зэрэг улсууд Ираны талтай хөлгүүдээ нэвтрүүлэх талаар хэлэлцэж байгаа ч ачаа тээвэрлэлт бодитой нэмэгдсэн шинж тэмдэг харагдахгүй байгаа.

Өнгөрсөн хугацаанд голдуу Ираны газрын тосны экспорттой холбоотой хөлгүүд болон өөр цөөн тооны тээвэрлэгч Ормузын хоолойгоор нэвтэрч байжээ.

Тухайлбал Саудын Арабын газрын тосыг Энэтхэгт хүргэхээр тээвэрлэсэн Грекийн хөлөг саяхан Ормузын хоолойгоор гарсан.

Хамгийн сүүлд гуравдугаар сарын 2-нд Персийн буланд байсан Мальтын далбаатай “Marathi” хөлөг олон хоногийн дараа буюу гуравдугаар сарын 26-нд Энэтхэгийн эргээс газар зүйн байрлалын мэдээллээ цацаж эхэлжээ.

Энэ бол дайн эхэлсэн цагаас хойш Ормузын хоолойгоор нэвтэрсэн Грекийн Dynacom компанийн гурав дахь хөлөг юм.

Dynacom эрсдэлийг үл хайхран хоолойгоор хөлгүүдээ нэвтрүүлэхийг оролдож буй цөөн тээвэрлэгчдийн нэг.

Тэд хоолойгоор нэвтрэхдээ газарзүйн байрлал цацагч транспондероо унтрааж, үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагаар зорчиж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Reuters