Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэрээ тэрбээр улс оронд үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо "Сүүлийн үед явуулсан хуурамч мэдээллийн нэг нь Куба бол оршин тогтнох чадалгүй болсон улс гэж зарлаад байна. Яаж бүхэл бүтэн үндэстнийг арчаагүй гэж зарлаж болох вэ. Манай үндэстний шинжлэх ухаан, соёл боловсрол, ололт амжилтыг яаж үгүйсгэж чадаж байна аа. Яаж Куба улс бусад оронтой эв нэгдэлтэй байдгийг яаж үгүйсгэж чадаж байна аа.
Бид хэдий хүнд хэцүү эдийн засгийн хоригт байгаа ч дэлхийн 100 гаруй улсад эмч, багш, спортын дасгалжуулагч зэрэг өөрийн мэргэжилтнээ илгээж ажиллуулдаг. Хүнд нөхцөлийн дунд шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбараа хөгжүүлсээр байгаа. Магадгүй өөр улс орон энэ хаалт хоригийн эсрэг нэг хоёр сар ч тэсэхгүйгээр унах байсан байх. Гэтэл бид 60 жилийн турш хоригийн дунд хөгжиж, амьдарч байгаа юм. Бүгд бэрх цаг үед амьдарч байгаа ч тэгш эрхтэй, бие биенээ харилцан хүндэтгэсэн, ёс зүйн өндөр хэм хэмжээнд байж чаддаг гэдгээ би баатарлагаар хэлье.
Бид энэ их заналхийллийн дор ямар их тууштай тэвчээртэйгээр оршин тогтнож байгаа вэ гэдгээ хэлэхэд бахархалтай байна.
Гадаад бодлогодоо ч улсуудын тэгш эрх, харилцан хүндэтгэл, эв найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх ёс зүйн өндөр зарчимтайгаар ажилладаг.
Куба улс бол хэзээ ч өөр улс үндэстэнд заналхийлэгч биш юм. Куба улс бол хүнд дарамт, хатуу ташуурын дор байгаа үндэстэн. Бид 60 жилийн турш эдийн засгийн хоригийг бүхий л аргаар тойрч, ямар л боломж байна түүнийгээ ашиглаж хөгжиж буй үндэстэн.
Их гүрний явуулж буй бодлого нь Кубын Засгийн газрыг унагаахын тулд байгаа. Хамгийн хатуу хоригийн нэг нь газрын тосны бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьсан. Уг хориг нь манай эдийн засаг, иргэдэд маш их хохирол учруулж байна. Тун хүнд байдалд бид орсон. Цахилгаан, гэрэл, дэд бүтцийн салбаруудад хүндрэлтэй байна. Өнөөдрийн нийгэмд газрын тосгүйгээр ямар улс орон амьдарч чадах вэ. Нефтийн бүтээгдэхүүнгүйгээр улс орны эдийн засгийг авч явах боломжгүй.
Үйлдвэр аж ахуй, дэд бүтцээс гадна иргэдийн амьдралд тун хүндээр тусаж байгаа. Газрын тосгүйгээр унаа тээвэр явахгүй, гэрэл цахилгаан байхгүй, эмнэлгүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэхчлэн бүх давхаргыг хамарч байна. Үйлдвэрүүд хаагдаж эхэлсэн. Аж үйлдвэр зогсож, газар тариалан ч ажиллах боломжгүй болж, сургуулиуд хаагдах эрсдэлтэй. Аялал жуулчлалын салбар зогсоход хүрч байна. Олон жилийн туршид бид хоригуудыг ямар нэг аргаар шийдэж байсан боловч одоогийнх илүү хүнд байна. Америкийн Нэгдсэн Улсын бидний эсрэг тавьж буй хоригийн үндэслэл нь бодит байдалд тулгуурлаагүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!