Уншиж байна ...

Түлш шатахууны ноцтой хомсдолд орсон Куба улсын газрын тосны үйлдвэрт гал түймэр гарчээ

Т.Давааням, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Кубын нийслэл Хавана хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гал түймэр гарсан нь АНУ-ын хориг арга хэмжээний улмаас түлш, шатахууны ноцтой хомсдолд ороод байгаа тус улсын нөхцөл байдлыг улам хурцатгасан байна.

Тухайн өдөр Нико Лопесийн газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан өтгөн хар утаа нийслэл хотын оршин суугчдын анхаарлыг татаж байжээ.

Сүүлд Кубын эрчим хүч, уул уурхайн яам үйлдвэрийн агуулахад гарсан галыг унтрааж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг мэдээлсэн байна.

Энэ үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүй, ойр орчмын байгууламжуудад аюул учраагүйг дээрх мэдэгдэлд дурджээ.

Куба улс нь өөрийн хэрэгцээний түлш шатахууны гуравны нэгийг гадаадаас импортолсон газрын тосоор үйлдвэрлэдэг.

Өнгөрсөн сарын эхээр АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа хэдийнээ эдийн засгийн гүн хямралтай байсан Кубын нөхцөл байдал улам хүндэрсэн юм.

Мадурогийн дэглэм Кубын үнэнч холбоотон, газрын тосны гол нийлүүлэгч байв. Дараа нь Трампын засаг захиргаа Куба улсад газрын тос нийлүүлсэн аливаа улсыг импортын өндөр татвараар шийтгэхээ анхааруулсан.

Энэ анхааруулга Кубын дараагийн том нийлүүлэгч Мексик улсад нөлөөлсөн юм. Кубад одоо эрчим хүчний гүн хямрал нүүрлэж, цахилгааны тасалдал түгээмэл үзэгдэл болж, автобус, галт тэрэгний үйлчилгээнүүд зогсоод байна.

Зарим зочид буудлууд хаагдаж, гадаад нислэгүүд зогсож, төрийн албан хаагчид нь долоо хоногийн дөрвөн ажлын өдөрт шилжжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэрвээ Кубын эрчим хүчний хэрэгцээг хангаагүй тохиолдолд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхээр байгааг өнгөрсөн долоо хоногт анхааруулсан.

Пүрэв гарагт 800 гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан Мексикийн армийн хоёр хөлөг онгоц Хавана хотын боомтод ирсэн байна.

Далайн ачаа тээврийн хяналтын байгууллагууд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Кубад түлш, газрын тосны ганц ч хөлөг очоогүйг баталж байгаа.

Баасан гарагт Кубын гадаад хэргийн дэд сайд Карлос де Коссио ард түмнийг нь хэлмэгдүүлэн шийтгэж буй АНУ-ын засаг захиргааг шүүмжилсэн байна.

Нөгөө талд Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум засгийн газар нь Куба, АНУ-ын хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх арга зам хайж байгааг мэдэгдээд Вашингтоны газрын тосны хоригийг “шударга бус” арга хэмжээ хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP