АНУ-ын засаг захиргааны тавьсан хориг арга хэмжээ, эдийн засгийн бүслэлтийн улмаас Куба улсын эрх баригчид нисэх онгоцны түлшгүй болсноо зарласан юм.
Үүний дараа Канадын агаарын тээвэрлэгч Air Canada компани тус улсын чиглэлд үйлддэг бүх нислэгээ зогсоохоор болжээ.
Куба улсын чиглэлд зорчигч тээвэрлэдэг арав гаруй компани байдгийн нэг нь Air Canada юм. Тус компани Кубад одоо байгаа Канадын 3,000 орчим зорчигчоо татаж авсны дараа нислэгээ зогсоохоор болжээ.
Өвлийн улиралд Канадын иргэд олноороо Кубын наран шарлагын газруудыг зорьдог. Энэ нь Кубын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг юм.
Түлшний тасалдал Орос, Хятад, Турк, Франц, Испани зэрэг бусад улсуудын агаарын тээвэрлэгчдэд ч бас нөлөөлсөн байна.
Венесуэлийн ерөнхийлөгчийг АНУ-ын тусгай хүчнийхэн Каракас хотоос баривчилсны дараа Куба улс түлш, шатахууны ноцтой хомсдолд орж эхэлсэн юм.
Трампын засаг захиргааны сүрдүүлгийн дараа Кубын өөр нэг гол худалдааны түнш Мексик улс бас нийлүүлэлтээ зогсооход хүрээд байгаа.
АНУ-ын эрх баригчид Кубад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн ямар ч улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авахаа зарласан.
Ингэж эдийн засгаар боомилсны үр дүнд Кубын эрх баригчдыг яриа хэлэлцээний ширээнд суулгах зорилготой байгаа. Кубын коммунист дэглэмийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч гэж Трамп үздэг.
Ням гарагийн орой Кубын тал агаарын тээврийн компаниудад онгоцны түлшний хангамж гуравдугаар сарын 11-нийг хүртэл хязгаарлагдахыг мэдэгдсэн юм.
Дээрх мэдэгдлийн дараахан Москвагаас Хаванын чиглэлд нисэх байсан Оросын нисэх онгоц зорчигчдоо буулгаж, Хятад, Египет, Турк зэрэг өөр улсын авиа компанийн нислэг сонгохыг зөвлөжээ.
Олон улсын хориг арга хэмжээний улмаас Оросын төрийн албан хаагчдын өвөл амрах гол чиглэл Куба болоод байгаа юм.
Аерофлот компани мэдэгдэлдээ өөрийнх нь охин компани Россия цаашдаа Кубын чиглэлд нислэгээ үргэлжлүүлэх хүсэлтэй ч түлш цэнэглэх боломжит маршрутыг тохируулах хэрэгтэй болж магадгүйг дурджээ.
Гэхдээ нислэг 12 цагаас урт хугацаанд үргэлжилдэг тул ингэх боломж хязгаарлагдмал юм.
Оросын аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр одоо Кубад тус улсын 4,500 орчим иргэн амарч байгаагийн ихэнх нь төрийн албан хаагчид гэнэ.
Куба улс оргил үедээ аялал жуулчлалаас $3 тэрбумыг олдог байсан бол одоо энэ тоо $1 тэрбум хүрэхгүй хэмжээнд хүрсэн гэж шинжээчид үзэж байна.
Түлшний хомсдол одоо үүнийг улам бууруулах төлөвтэй байна.
Онгоцны түлшнээс гадна Кубад цахилгаан эрчим хүчний ноцтой хомсдол үүссэн тул жуулчдыг буулгах зочид буудлын асуудал эмзэг байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Кубад очсон Канадын хоёр иргэн тус улсын эрх баригчид эрчим хүч хэмнэх зорилгоор тэднийг анх захиалснаас нь өөр зочид буудал руу бусад жуулчдын хамт шилжүүлсэн талаар ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!