Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний хэмжээнд онц байдал зарлах захирамжид гарын үсэг зурснаар Куба улсын эдийн засгийг боомилох боломжийг нээсэн юм.
Өөрөөр хэлбэл Хаванын эрх баригчдыг Орос, Хамас, Хезболлатай хамтран ажилладаг гэсэн үндэслэлээр Куба улсад газрын тос нийлүүлдэг улсуудад импортын өндөр татвар ногдуулахаар болж байна.
Үүнтэй холбоотойгоор Баасан гарагт Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хэрвээ уг хориг арга хэмжээ хэрэгжвэл Куба улсад хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхийг анхааруулжээ.
Трампын захирамжид тухайлан нэрлээгүй ч Мексик улс 2025 оноос хойш Кубын хамгийн том нийлүүлэгч болж, Орос, Венесуэлийг ардаа орхисон юм.
Шэйнбаум засгийн газар нь АНУ-ын төрийн департаментаас захирамжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж, Кубын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх өөр арга замуудыг хайж байгаа талаар өчигдөр мэдээлжээ.
“Мэдээж бид Мексикийг эрсдэлд оруулалгүйгээр Кубын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулах арга замыг эрэлхийлэх болно” гэж тэр хэлсэн байна.
Тэрбээр газрын тосны нийлүүлэлт тасалдвал эрчим хүчний гүн хямралтай байгаа Кубын “эмнэлэг, хүнсний хангамж, бусад үндсэн үйлчилгээнд шууд нөлөөлж болзошгүй” хэмээн анхааруулжээ.
Кубын ерөнхийлөгч Мигуэл Диас-Канел Бермудес тус улсын эдийн засгийг боомилохыг санаархаж буй Трампыг шүүмжилж, татварын захирамжийг нь “зөвхөн хувийн зорилгодоо Америкийн ард түмний ашиг сонирхлыг ашиглахаар булаан авсан бүлэглэлийн фашист, гэмт хэрэгтэн, геноцид шинж чанарыг илчилж байна” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
Энэ сарын эхээр АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Кубын нөхцөл байдал улам хүндэрсэн юм.
Уг ажиллагаанаас хойш долоо хоногийн дараа Трамп сошиал хуудсандаа “Кубад нийлүүлдэг газрын тос, мөнгө байхгүй болсон” хэмээн бичиж байв.
Пүрэв гарагт Файнэншл Таймс сонин Куба улсад одоогийн эрэлтээрээ хэрэглэвэл 15-20 хоногийн газрын тосны нөөц үлдсэн тухай мэдээлжээ.
Лхагва гарагт Хаванад суугаа АНУ-ын хэргийг түр хамаарагч Майк Хаммер “Кубачууд олон жилийн турш эдийн засгийн бүслэлтийн талаар гомдоллож байсан бол жинхэнэ бүслэлт одоо эхлэх гэж байна” гэж хэлсэн байна.
Одоо Кубын нийслэл Хавана хотод 12 цагийн өдөр тутмын цахилгааны тасалдал хэвийн үзэгдэл болсон гэдэг.
Техасын Их сургуульд Кубын эрчим хүчний салбарыг судалдаг Хорхе Пиньон “Хэрвээ ирэх зургаагаас найман долоо хоногийн дотор түүхий газрын тос, түлш огт нийлүүлэгдэхгүй бол Кубын засгийн газар томоохон хямралд орно” гэж ярьжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!