Эрүүгийн гэмт хэргийн ангиллаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг хамгийн их бүртгэгджээ.
Тодруулбал 2025 онд шийдвэрлэсэн эрүүгийн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 59.6 хувиар өссөн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Өлзийтүвшин дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар зохицуулдаг байсан.
Тус хуулиар 7-30 хоног баривчилдаг эсвэл албадан сургалтад хамруулж, 400 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байсан бол одоо энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлэж байна.
Согтуугаар удаа дараа давтан тээврийн хэрэгсэл жолоодвол ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ гэдгийг зааж өгсөн гэсэн үг. Хэдийгээр хуулийн өөрчлөлт хийсэн ч гэмт хэрэг төдийлөн буурахгүй байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Хуучин Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулаад өнгөрдөг байсан бол одоо бүр Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгүүлж "ялтан" нэр зүүгээд гарч байгаа.
Зарим тохиолдолд согтуугаар 4-5, бүр 6-7 удаа давтаж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй хүн ч байдаг.
Одоо Эрүүгийн хуулиар шийдвэрлэж байгаа тул хууль хэрэгжсэнээс хойш хүмүүс шүүхээр орж, ял аваад ирэхээр тодорхой хэмжээнд гэмт хэргийн гаралт багасаж байгаа. Гэхдээ хоёр дахь удаагаа дахин согтуугаар жолоо барих үйлдэл буурахгүй байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!