АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Исланд улсад суух шинэ элчин сайдыг томилсон юм. Гэтэл шинэ элчин сайдыг ирэхээс өмнө Исландын ард иргэд түүнийг эсэргүүцсэн бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Энэ нь түүний Исландыг АНУ-ын 52 дахь муж болгох тухай хошигнолтой холбоотой юм байна.
Лхагва гарагт Исландын хөрш Гринланд, Данийн төлөөлөгчид яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд ирэхийн өмнөхөн Politico сайтад Трампын томилсон Билли Лонг өмнөх өдөр нь Исландыг АНУ-ын 52 дахь муж болгох талаар хүмүүсийн дунд хошигнон ярьсан тухай мэдээ цацагдсан юм.
Конгрессын гишүүн асан Лонг үүгээр зогсохгүй өөрийгөө 52 дахь мужийн захирагч болох хүн хэмээн бусдыгаа инээлгэж байжээ.
Исландын эрх баригчид үүнийг чимээгүй өнгөрөөгөөгүй байна. Тус улсын гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөхийг АНУ-ын элчин сайдын яамнаас шаарджээ.
Исландын иргэд АНУ-ын шинэ элчин сайдыг хүлээж авахаас татгалзахыг гадаад хэргийн сайд Катрин Гуннарсдсоттирт уриалсан бичигт хүмүүсийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.
“Дональд Трампын элчин сайдаар томилсон Билли Лонг энэ үгийг тоглоом шоглоомоор хэлсэн байж магадгүй. Гэсэн хэдий ч энэ нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн, АНУ-тай үргэлж найрсаг харилцаатай байсаар ирсэн Исланд улс болон түүний ард түмнийг доромжилсон хэрэг юм” гэж уриалгад бичжээ.
Уриалгыг гаргасны дараа хэдхэн цагийн дотор 3,200 гаруй хүний гарын үсэг цугларсан байна.
Тэд бас шинэ элчин сайдаар Исландыг илүү хүндэтгэдэг өөр хүнийг томилохыг АНУ-ын засаг захиргаанд уриалжээ.
Лонг маргааш нь “Arctic Today” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн үгийнхээ төлөө уучлал гуйсан байна.
Тэрбээр Гринландыг хариуцсан АНУ-ын тусгай элч Жефф Ландритай холбосон хошигнолыг тэнд байсан хүмүүс хэлж байсныг тайлбарлажээ.
“Үүнд ямар ч ноцтой зүйл байхгүй. Би гурван жилийн турш уулзаагүй байсан хэдэн хүнтэй хамт байх үеэр тэд Жефф Ландрийг Гринландын захирагч хэмээн шоолж байсан. Ингэхдээ тэд бас миний талаар тоглоом шоглоом болгон ярьж байсан юм. Хэрвээ эдгээр үгс бусдыг гомдоосон бол тэднээс уучлал гуйж байна. Би Исландын ард түмэнтэй хамтран ажиллах цагийг тэсэн ядан хүлээж байна” гэж Лонг ярилцлагадаа хэлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!