НИТХ-ын есдүгээр ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ирэх таван жилд нийслэл хотыг хөгжүүлэх үндсэн чиглэл нь хүний, нийгмийн хөгжил, эдийн засаг, байгаль орчин, ногоон хөгжил, хотын засаглал, бүсчилсэн хөгжил, хотын өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан гэсэн найман бүлгээс бүрджээ. Эдгээр чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд таван жилийн хугацаанд 39.1 их наяд төгрөг шаардлагатай болохыг танилцуулав.
Хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Улаанбаатар хотыг 2021-2026 он хүртэл таван жил хөгжүүлэх үндсэн чиглэлийн үр дүн, хэрэгжилт, хувь хэмжээний талаар мэдээлэл алга. Мэдээлэл авч байж дараагийн таван жилийн хөтөлбөрийг батална. Энэ тухай мэдээллийг өгнө үү.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд 386 арга хэмжээ, НЗД-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан 671 арга хэмжээний хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ хийж НИТХ-д танилцуулах, ЗГ-ын хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлэхээр бэлтгэлийг хангаж байна. Хуулийн дагуу ирэх оны хоёрдугаар сарын дотор танилцуулна.
Энэ оны наймдугаар 30-ны байдлаар тайлан гаргахад 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр 90%-ийн биелэлттэй байсан.
НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар: Хагас жилийн байдлаар гарсан дүнг үндэслэж Улаанбаатар хотыг 2021-2025 онд хэрэгжүүлээгүй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн баримт бичигт тусгасан.
НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар: Монгол Улсын нийт хүн амын 60-70 хувь нь амьдарч байгаа нийслэл хотыг хөгжүүлэх таван чиглэлд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын асуудал орсон байна. Өмнөх үндсэн чиглэлээс өөр, тодорхой шинэчлэл бий юу?. Хүүхдийн хөгжил, хамгааллын талаар ямар өөрчлөлтүүдийг тусгасан бэ? Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдүүд нэгийгээ хүчирхийлэх асуудал хүндэрсэн байна. Энэ асуудалд эцэг эх, төрийн болон ТББ-уудын оролцоо хэрхэн хийгдэх вэ?
Эрүүл мэндийн салбарын асуудал хүнд байна. Тус салбарын зарим нь уналтад орсон. Нийслэлийн 103 түргэн тусламжийн дуудлагын утас утгаа алдсан байна. 103 -т залгаж дуудлага өгөхөөр 2-3 цаг алга болчихно. Эдгээр асуудлыг нарийвчилж төлөвлөсөн үү?
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд 2026 онд нийслэлийн төрийн болон хувийн өмчит бүх сургууль, цэцэрлэгийн камерыг нэгдсэн системд холбоно. Ингэснээр AI систем нь хүүхдийн дээрэлхэлт, тэдний хоорондын маргаан, зүй бусаар харьцсан тохиолдлыг шүүж, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон нийслэлийн мэдээллийн төвд дамжуулна. Олон нийтийн газарт ч мөн камерын холболтын системүүдийг суурилуулна.
Нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн орчинд нэг ангид 60-70 сурагч суралцах, нэг ширээн дээр гурван хүүхэд суух зэргээр хүүхдийн эрхийг их хамгийн зөрчигддөг. Энэ асуудлыг ирэх таван жилд бүрэн шийдэж, энэ жил 39, ирэх жил 82 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар үндсэн чиглэлд тусгасан.
НЭМГ-ын дарга Н.Наранбаатар: Нийслэлийн түргэн тусламжийн 103 төв нь нийт 398 хүний нөөцтэй. Үүнээс 125 жолооч, 12 эмийн санч, 24 ахлах оператор, 175 эмч, 78 автомашинтайгаар өдөрт 42-45 баг зургаан дүүрэгт 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түргэн тусламжийн 103 төвд ирэх дуудлага жилээс жилд 15%-аар өсөж байна. Тодруулбал 2022 онд 350,000, 2023 онд 382,000, 2024 онд 423,478, өнөөдрийн байдлаар 420,000 орчим дуудлага ирсэн, оны төгсгөлд 460,000 орчим дуудлагатай байх төсөөлөлтэй байгаа. Эдгээр дуудлагын 58-60%-д 20 минут дотор хүрч очдог бол 10 орчим хувьд нь 60-аас дээш минутад очиж тусламж үйлчилгээ үзүүлдэг.
103 дугаарт залгахаар хүүхэд бол 1, том хүн бол 2 гэсэн товчийг дарна уу гэснээр тухайн иргэнд бухимдал төрж эхэлдэг. Утасны цаана эрүүл мэндийн мэргэжилтэн байдаггүй. Ирсэн дуудлагыг авсан албан хаагчид яаралтай юу, хүлээгдэж болох эсэх горимд шилжүүлчихдэг. Үүнийг болиулж, шуурхай болгуулах хүсэлтийг энэ сарын 16-нд ЭМ-ийн сайдад уламжлаад байна. Мэргэжлийн хүмүүс дуудлагаа авдаг болчихвол яг яаралтай эсэхээ тодорхойлж, нааш цааш нь дамжуулахгүй. Нийслэлийн зургаан дүүрэгт түргэн тусламжийн автомашины баазууд байдаг учир хамгийн ойр машин дуудлагад очдог.
НИТХ-ын дарга А.Баяр: Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх цаг нь болсон. Иргэн 103-т залгаж түргэн тусламж дуудаад 2-3 цаг, 30-аас дээш минут болдог. Үүний цаана хүний амь настай холбоотой асуудал бий.
Түргэн тусламжийн үйлчилгээ уддаг нь удирдлагын арга барилын алдаа. Дуудлагад шаардлагатай байгаа түргэн тусламжийн машиныг нэгэн эрүүл мэндийн төвийн дарга жолоодож, бичиг хүргэж өгөх гээд дуут дохиогоо хангинуулж нийслэл дээр ирсэн тохиолдол бий. Энэ нь эмч, ажилтнуудын алдаа бус, эмнэлгийн удирдлагын алдаа. Энэ үйлдлүүдийг таслан зогсоож, эрүүл мэндийн төвд машин нь илүүдээд байгаа бол нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд жолоочтой нь шилжүүлж иргэний дуудлагад явах ёстой. Үүнд онцгой анхаарахыг хүсье.
НИТХ-ын хурлын зөвлөлийн дараагийн хуралдааныг 103 түргэн тусламжийн төв дээр хийж, ямар шинэчлэл хийх гэж буй талаар мэдээлэл авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!