Уншиж байна ...

Усны хомсдолд орсон Иран улсын эрх баригчид бороо оруулахын тулд үүл буудаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй их ган гачигтай тулгарсан Ираны эрх баригчид бороо оруулахын тулд үүл буудах арга хэрэглэж эхэлжээ.

Анхны ийм арга хэмжээг Бямба гарагт Урмиа нуурын сав газарт авч хэрэгжүүлснийг тус улсын IRNA агентлаг мэдээлсэн байна. Урмиа бол Ираны хамгийн том нуур боловч ихэнх нь ширгэж, сав газарт нь асар том давсны хуримтлал үүсгээд байгаа.

Үүл буудах ажиллагааг цаашдаа Зүүн болон Баруун Азербайжан мужуудад үргэлжлүүлэн явуулахыг албаныхан мэдээлжээ.

Өнөөдөр Иран даяар хур тунадасны хэмжээ хамгийн бага хэмжээндээ хүрч, усан сангууд бараг хоосроод байна.

Өнгөрсөн долоо хоногт Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян ойрын хугацаанд хангалттай хур тунадас унахгүй бол нийслэл Тегераны усны хангамжийг хязгаарлаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж болзошгүйг анхааруулж байв.

Үүл буудах нь мөнгө болон калийн иодид зэрэг химийн давсыг онгоцноос эсвэл газраас буудах замаар үүлэнд цацах арга юм.

Үүний дараа усны уур илүү амархан конденсацлагдаж, бороо болон хувирдаг.

Уг аргыг дэлхий даяар сүүлийн хэдэн арван жилийн турш хэрэглэж байгаа. Сүүлийн үед Арабын Нэгдсэн Эмират улс усны хомсдолоо шийдэх зорилгоор түлхүү хэрэглэж байгаа гэдэг.

Ираны цаг уурын байгууллага энэ жил тус улсын хур тунадасны хэмжээ олон жилийн дундажтай харьцуулахад 89 орчим хувиар буурсныг мэдээлжээ.

“Бид одоо улсынхаа сүүлийн 50 жилийн түүхэнд байгаагүй хуурай намрыг үзэж байна” гэж цаг уурын албаны эх сурвалж хэлсэн байна.

Саяхан Ираны эрх баригчид ус хэтрүүлэн хэрэглэсэн айл өрх, албан байгууллагуудыг шийтгэх төлөвлөгөөг танилцуулж байв.

Нийслэл Тегеран, Баруун Азербайжан, Зүүн Азербайжан болон Маркази мужуудад усан сангуудын нөөц багтаамжийнхаа 10 хүрэхгүй хувьд буюу “аюултай түвшинд” хүрснийг Ираны Уур Амьсгал, Ган Гачгийн Хямралын Удирдлагын Үндэсний Төвийн захирал Ахмад Вазифех мэдээлжээ.

Баасан гарагт Тегераны нэг сүмд олон зуун хүмүүс тэнгэрээс хур гуйх мөргөл үйлдсэн юм.

Бямба гарагт цаг уурчид тус улсын баруун, баруун хойд нутагт бага хэмжээний хур тунадас унаж, Тегеранаас хойд зүгт оршдог цанын баазад энэ жил анх удаа цас орсныг мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC