"Туулын хурдны зам төслийн инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэлсэн" гэлээ
Туулын хурдны зам төслийн талбайн геодезийн хэмжилт дуусаж, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэлжээ. Тус замыг Хонконгийн "ХаоЮань групп" компани барихаар тендерт шалгарсан билээ.
Төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт дуусаж, ТЭЦ 3-ын үнсэн сангийн байрлалд кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэр хийгдэж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ бүхий, 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннельтэй байх аж.
Уг хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Нийслэлийн төсөв болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгөөр тус замыг барина.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
