ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд үүрэн холбоо, интернэт сүлжээ 48 цаг тасарсны дараа буцаад сэргэжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагийн үдээс хойш Афганистан даяар тасраад байсан үүрэн холбоо болон интернэтийн сүлжээ 48 цагийн дараа буцаад сэргэжээ.

Гадаад эзэмшилтэй Roshan, Etisalat компаниудын гар утасны сүлжээ хэвийн ажиллаж, интернэт холболт сэргэснийг Кабулын оршин суугчид мэдээлсэн байна.

Талибаны албаны хүн үүнийг “техникийн шалтгаан” байсан гэж тайлбарласан ч санаатай тасалсан эсэх талаар асуултад хариу өгөөгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт Талибаны эрх баригчид онлайн орчинд тардаг ёс суртахуунгүй мэдээ мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлж, зарим бүс нутгийн шилэн кабелийн холболтыг таслах арга хэмжээ авч байв.

Даваа гарагт эхэлсэн тасалдал нь Афганистаны өмнөд бүсийн Кандагар хотод төвлөрсөн Талибаны хуучинсаг удирдлага болон нийслэл Кабулд төвлөрсөн харьцангуй нээлттэй зарим сайд нарын хоорондын үзэл бодлын зөрөлдөөнтэй холбоотой байж болзошгүй байна.

Уг тасалдлын улмаас Афганистан даяар эмх замбараагүй байдал үүсэж, банк санхүүгийн гүйлгээ, хөрш орнуудтай хийдэг худалдаа зогсож, нислэгүүд саатсан юм.

Бас Талибаны засгийн газар охид бүсгүйчүүдийг дунд, дээд сургуульд суралцахыг хориглосны дараа цорын ганц боловсрол олж авах арга зам болоод байсан онлайн сургалтууд зогссон байна.

 

Эх сурвалж: AFP