ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын ДАШТ-ээс АЛТАН медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Сонирхогчдын Холимог Тулааны Холбоо (IMMAF)-ны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Гүржийн Тбилиси хотод есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм.

Насанд хүрэгчид болон залуучууд гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулагдсан тус тэмцээний 20 хүртэлх насны залуучуудын ангилалд Монгол Улсын тамирчин Б.Алтанчимэг эмэгтэйчүүдийн 65.8 кг-ын жинд алтан медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөө Анголын тулаанч Надир Вьераг хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолт мэхээр ялсан юм.

Улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж байна

Дэлхийн 80 гаруй орны 1,000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн дэвжээнд манай улсаас нэг дасгалжуулагч, дөрвөн тамирчин оролцсон аж.

Тэмцээний залуучуудын ангиллын аваргууд өчигдөр тодорсон бол өнөөдөр насанд хүрэгчдийн шигшээ тулаанууд болно.

зураг