Б.Одбаяр: Хүннү 2222, Ривер гарден хотхоныг холбох авто замтай хамт явган хүний замыг шинэчлэхээр болсон
“Хүннү 2222” болон “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөн эзэмшлийн агуулахыг нь буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барихаар болсон билээ. Тус замын гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан ч ажил нь удааширчээ.
Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Замын трассын доогуур эргийн бэхэлгээний суурийг цутгах шаардлага гарсан учраас наймдугаар сарын 25-наас барилгын ажил эхэлсэн. Авто замтай хамт явган хүний замыг шинэчлэхээр болсон. Учир нь “Хан Хиллс” хотхоны уулзвартай холбогдож буй замын хэсэг өндөр учир явган замын түвшин зөрж, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул явган болоод авто замыг нэг ижил түвшинд хийх ёстой гэж үзсэн юм. Өмнөх явган зам нь шаттай, дуу чимээ ихтэй байсан учир зорчиход бэрхшээлтэй байсан. Одоо явган зорчигч, дугуйтай, тэрэгтэй гээд ямар ч хэлбэрээр зорчсон хүртээмжтэй байлгахын тулд замыг түр хаасан байна. Энэ хэсэгт газар дээр байрлуулсан ус зайлуулах төхөөрөмжийг замын доор байхаар ГУББГ-тай зөвшилцөн, төлөвлөсөн. Шугам сүлжээ шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Авто замын доогуур 10 мянга, 35 мянгын цахилгааны кабелууд байгаа учир үүнийг явган хүний зам доор шилжүүлэхэд хугацаа орж байгаа юм.
Хан хиллсээс эхлээд Ривер гарден, Time squаre, Ривер плазагийн урдуур явж байгаа явган хүний замуудын зураг зурагдсан, уулзварын төлөвлөлтүүд хийгдсэн. Энэ шийдлийн дагуу “NCD group” явган замыг дугуйн замтай нь хамт өөрсдийн хөрөнгөөр хийнэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
