Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах Сэлбэ дэд төвийн 8,565 өрхийн орон сууцыг барих эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн.
Дөрвөн сарын дараах орон сууцны барилгын ажлын явцын талаар мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байршилд газар шорооны ажил дуусах шатдаа орсон бөгөөд эхний блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүлжээ.
Энэ тухай төслийн Барилга угсралт хариуцсан менежер Т.Баярсайхан: Бүтээн байгуулалт өрнөх нийт талбай нь хөрсний ус ихтэй тул гулгалт үүсэх магадлал өндөр. Иймд барилгын суурийн цутгалтын өмнөх хэв хашмалыг стандартын дагуу нил хавтан сууриар шийдэж өгсөн. Энэ нь хөрсний болон голын ай савын усны нэвтрэлтээс хамгаалсан технологи юм.
Гадна шугам сүлжээ хариуцсан инженер Н.Батсайхан: Гадна шугам сүлжээний дэд бүтцийн зураг төслийн ажил дууссан бөгөөд бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр гурван монгол аж ахуйн нэгж шалгарсан.
Ус сувгийн тухайд Хайлааст дахь 1,000 шоо метр усан санг 2,000 шоо метр болгож өргөтгөх зураг төслийг боловсруулсан төдийгүй ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх шүүлтүүрийг суурилуулна.
Харин дулаан хангамжийг Дамбадаржаа дулааны цахилгаан станцаас холбоно.
Уг төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд таван компани шалгарсан. Эдгээр компани энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжийн орон сууцнууд 2027 оны долоодугаар сард ашиглалтад орох аж.
8,565 өрхийн орон сууц нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй 113 блок, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж, хөв цөөрөм байгуулах зураг төсөлтэй байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!