Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч буюу төрийн тэргүүн Саманта Мостин нар өнөөдрийн албан ёсны уулзалтын үр дүнгийнхээ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Австралийн холбооны улсын Амбан захирагч Саманта Мостин "Монгол Улсад айлчлах нэн хүндтэй завшаан тохиосонд баяртай байна. Халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд баярлалаа. Монголын найрсаг ард түмний зочломтгой сэтгэлд гүн талархал илэрхийлье.
Монголын гуравдагч хөрш болох Австралийн Холбооны Улсаас хийж байгаа миний айлчлал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн ижил зүйлстэй манай хоёр ардчилсан орны олон жилийн турш бэхэжсэн харилцааны илэрхийлэл юм.
Бид манай улсад амьдарч байгаа монгол иргэдээр их бахархдаг.
Австралиас олон жуулчин, соёл, урлаг, бизнесийнхэн Монголд ирдэг. Айлчлалынхаа үеэр тэд нартай уулзана гэж найдаж байна. Цаашдаа улам олон австрали иргэнийг Монголд ирж, энэ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, ардчилсан улс орныг үзээсэй гэж хүсэж байна.
Манай хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа 1994 онд эхлэхэд зоригт зургаан монгол оюутан манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийг зорьсон юм. Эдүгээ манай улсад суралцах монгол оюутны тоо хэдэн мянгаар тоологдож байгаа. Тэд буцаж ирээд эх орондоо их хувь нэмрээ оруулж байна.
Австрали дахь монголчууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж байгаа.
Бид эрдэс баялаг, эрчим хүчний салбарын талаар мэдэх хүсэлтэй байна. Манай олон аж ахуйн нэгж дээрх салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа.
Монгол Улстай хөгжүүлж байгаа манай түншлэл эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдэд боломж олгоход чухал хувь нэмэр оруулж, өгөөжөө өгч байна.
Манай хоёр улс эрс тэс, өвөрмөц байгальтай учир уур амьсгалын өөрчлөлтийн ижил сорилттой тулгардаг. Айлчлалын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сөрөн тэсвэрлэх чадвараа хөгжүүлж байгаа эмэгтэйчүүд, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаа залуустай уулзахаар төлөвлөсөн.
Мөн дэлхийд алдартай Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгааг мэдэх хүсэлтэй байгаа. Айлчлалын үеэр Монголын соёл, өв уламжлал, ард иргэд, үзэсгэлэнт сайхан байгальтай танилцах завшаан тохиож байгаад баяртай байна.
Энэ удаагийн айлчлал хоёр орны нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавина гэдэгт итгэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!