Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол, Австралийн агаарын хэлэлцээрийн үр дүнд хоёр улс хооронд шууд нислэг үйлдэж эхэлнэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч буюу төрийн тэргүүн Саманта Мостин нар өнөөдрийн албан ёсны уулзалтын үр дүнгийнхээ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин манай улсад энэ сарын 4-9-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.  Уг айлчлал нь Амбан захирагч Билл Хэйдений 1994 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаас хойш 30 гаруй жилийн дараа болж байгаа учир хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээж буй түүхэн үйл явдал юм. 

зураг
 

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг товчлон хүргэвэл тэрбээр "Эрхэм хүндэт Амбан захирагч Тантай хийсэн албан ёсны уулзалтаар манай хоёр орны хагас зуун жилийн түүхэн харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, хэтийн төлөв, цар хүрээ, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсноос гадна харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэж байгаадаа баяртай байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Оюу Толгой” төсөл, “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Австрали Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 20 гаруй мянган монгол иргэн хоёр орны найрамдалт харилцаа, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийн гүүр болж байгааг онцлон тэмдэглэе.

  • Бэлчээрийн менежментийг сайжруулах, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвтэй дахин хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.
  • Иргэд хоорондын хэлхээ холбоо жилээс жилд батжин бэхжиж, харилцан солилцоо улам нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулахаар тохиролцсон билээ. Энэ хэлэлцээрийн хүрээнд Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
  • Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн баталгааг хангах зорилгоор Монгол, Австралийн Засгийн газар “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
  • Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд олон зуун монгол залуус Австралийн тэргүүлэх их сургуулиудад суралцаж, хоёр орны хөгжлийн гүүр болж байна. Цаашид Австралийн Засгийн газрын тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийг уялдуулж, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
  • Монгол Улс англи хэлийг үндсэн гадаад хэл болгон баталсантай холбогдуулан Австралийн сайн дурын багш нарыг Монгол Улсад ажиллуулах, салбарын мэргэжилтнүүдийн англи хэлний чадавхыг дээшлүүлэх богино, дунд хугацааны сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
  • Хоёр орны ард түмний зан заншил, соёл, өв уламжлалыг харилцан сурталчлах зорилгоор соёлын солилцоог идэвхжүүлж, Соёлын өдрүүд, урлагийн тоглолт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг харилцан тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулан хамгаалах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” хэмээн нэрлэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш Австрали Улстай харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн тууштай баримталж ирсэн бөгөөд энэ зарчмаа цаашид ч баримтална гэдгийг тэмдэглэе" гэв. 

зураг