АНУ-д айлын хаалганы хонхыг дараад зугтсан 11 настай хүү буудуулж алагджээ
Бямба гарагийн орой АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод айлын хаалганы хонх дарж зугтаасан 11 настай хүү буудуулж алагдсан байна.
Хулиан Гузман нэртэй тэрбээр 23:00 цагийн үед бусад хүүхдүүдийн хамт зүггүйтэх зорилгоор танихгүй айлын хаалганы хонхыг дараад зугтсан боловч гэрийн эзэнд буудуулжээ.
Цагдаа нар шархадсан хүүг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч Ням гарагт амьсгал хураасан байна.
Хүүг буудсан 42 настай Гонсало Леон Жүниор гэгчийг Мягмар гарагт хүн амины хэрэгт буруутган баривчилжээ.
“Хүүхдүүд тухайн хэсгийн айлуудын хаалганы хонхыг дараад зугтаж байгаа талаар дуудлага бидэнд ирсэн. Гузман нэг айлын хонхыг дараад зугтахдаа араасаа буудуулсныг хүн гэрчилж байна” гэж Хьюстон хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
Хьюстон хотын цагдаагийн газрын хүн амины хэргийн мөрдөгч, түрүүч Майкл Касс “Хэн нэгэн гэрээсээ гараад гудамжаар гүйж байсан хүүхдүүд рүү буудсан тухай нэг гэрч мэдээлсэн юм. Харамсалтай нь энэ үеэр 11 настай нэг хүү нуруундаа буудуулжээ” гэж ярьсан байна.
Буудсан этгээдэд “өөрийгөө хамгаалах ямар ч шалтгаан байгаагүйг” тэр нэмж хэлжээ.
ТикТок платформд “Ding dong ditch” гэсэн нэрээр танигдсан айлын хаалганы хонх дараад хүн гарч ирэхээс өмнө амжиж зугтдаг наргиа хүүхдүүдийн дунд улам түгээмэл болоод байгаа.
Үүнийг дагаад хүний амь үрэгдсэн эмгэнэлтэй тохиолдлууд ч бүртгэгдэх болжээ.
Энэ оны тавдугаар сард Виржиниа мужийн нэг оршин суугч эрэгтэй хаалганых нь хонхыг дараад зугтаж буй үйлдлээ ТикТокоор шууд дамжуулж байсан өсвөр насны хүүхдийг буудаж алсан хэргээр ял сонсож байв.
2023 онд Калифорни мужид бас нэг эрэгтэй хонхыг нь дараад зугтсан өсвөр насны гурван хүүхдийг автомашинаараа мөргөж алсан хэрэг гарч байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
