Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

OpenAI компани “PhD түвшний мэдлэг”-тэй GPT-5 загвараа зах зээлд нэвтрүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компани OpenAI өчигдөр ChatGPT платформынхоо GPT-5 хувилбарыг зах зээлд нэвтрүүлжээ.

“Илүү ухаалаг, илүү хурдан, илүү хэрэглээтэй” гэж шинэ бүтээгдэхүүнээ магтсан тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн “Миний бодлоор хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч GPT-5 шиг зүйлийг төсөөлж байгаагүй байх” гэж хэлсэн байна.

Программын кодчилол болон бусад бичих туурвих чиглэлд GPT-5 загвар “PhD түвшин”-д хүрснийг тэр баталжээ.

Өнгөрсөн сард тэрбумтан Илон Маск өөрийн компанийн хөгжүүлж буй Grok хиймэл оюуны чатбот платформын сүүлийн хувилбарыг бас “бүх чиглэлд PhD түвшний мэдлэг чадвартай болсон, дэлхийн хамгийн ухаалаг AI систем” гэж магтаж байсан юм.

Харин Олтмэн шинэ загварынхаа талаар танилцуулахдаа “GPT-3 надад ахлах сургуулийн сурагчтай ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. GPT-4 нь коллежийн оюутныг санагдуулдаг. Харин GPT-5 надад анх удаа докторын түвшний мэргэжилтэн шиг ямар ч сэдвээр ярилцаж чаддаг болсон мэт санагдаж байгаа” гэж хэлжээ.

GPT-5 загварыг Open AI компани өчигдөр буюу Пүрэв гарагаас эхлэн ChatGPT платформын бүх хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хэрэглүүлж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC