Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ариунзаяа: Улсын баяр наадмын допингийн шинжилгээнээс хоёр тамирчнаас хориотой бодис илэрч, нэг тамирчны хариу эргэлзээтэй гарсан

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу Герман улсын Дрезден хотын лабораториос ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) хамтран мэдээлэл өглөө. 

Энэ үеэр МОНАДА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "Допингийн төрлийн хориотой бодис хоёр бөхөөс илэрсэн. Харин нэг шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан тул дахиж тодруулах шаардлагатай гэсэн үг.

Шинжилгээнээс ямар нэгэн байдлаар эерэг хариу гараад допингийн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчинд мэдэгдэж, нэрсийг зарлаад үр дүнгийн удирдлагын олон улсын стандартыг хэрэгжүүлнэ" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Давааням "Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр дээрх гэрээт лабораторид битүүмжилсэн шинжилгээний сорьцыг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Ингээд долдугаар сарын 16-нд 43 тамирчны хариу ирсэн бол долдугаар сарын 18-нд нэмж гурван тамирчны мэдээлэл ирсэн. Харин 22-нд нэг бөхийн хариу ирсэн. Харин үлдсэн бөхийн хариу хараахан ирээгүй байна. Тодруулбал улсын гарди Б.Гончигдамбын допингийн хариу эцэслэн ирээгүй байна. Нарийвчилсан шинжилгээний хариу 3-4 долоо хоногийн дараа гарна. Одоогоор допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг хэлэх боломжгүй.

Улсын баяр наадмаар авсан шинжилгээнээс Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалаас хориотой бодис илэрсэн. Харин нөгөө бөхтэй нь утсаар холбогдож чадаагүй байгаа тул нэрийг нь зарлах боломжгүй байна. Бид хуулийн дагуу холбогдсоныхоо дараа нэрийг нь олон нийтэд мэдэгдэнэ.

Аймгуудын наадамд шөвгөрсөн 84 бөхчүүдээс найман тамирчнаас допинг илэрсэн" гэв.