АНУ-д хүзүүндээ гинж зүүсэн хүн MRI машинд “сорогдсон” тохиолдол гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

MRI машин ажиллаж буй өрөөнд хүзүүндээ том металл гинж зүүсэн хүн санамсаргүй нэвтэрсний улмаас ноцтой гэмтсэн тохиолдлыг шалгаж байгаагаа Нью Йорк мужийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

61 настай эрэгтэй Лхагва гарагийн үдээс хойш тус мужийн Нассау дүүрэгт оршдог “Nassau Open MRI” төвд очихдоо санамсаргүй ийм машин ажиллаж байсан өрөөнд орсны улмаас ийм осол гарсан юм байна.

Машины хүчтэй соронзон түүний хүзүүндээ зүүсэн том металл гинжийг татсан нь осол гарах шалтгаан болсныг цагдаагийн албаныхан тайлбарлажээ.

Машинд сорогдсон эрэгтэйн биеийн байдал одоо хүнд байгааг бас мэдээлсэн байна.

Цагдаа нар MRI машин ажиллаж байсан өрөөнд тухайн хүн хэрхэн нэвтэрснийг тогтоохоор мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа гэнэ.

АНУ-ын Био анагаах ухааны дүрслэл, Био инженерчлэлийн Үндэсний Хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд өгүүлснээр MRI машин нь “маш хүчтэй соронзон орон ашигладаг бөгөөд энэ нь металл зэрэг бусад соронзлогддог материалуудад асар хүчтэй нөлөөлдөг” гэнэ.

Ийм машины соронзон орон “өвчтөний тэргэнцрийг агаарт сум шиг нисгэх хэмжээний” хүчтэй болохыг бас тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press