ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сарын 8-нд буюу Аавуудын баяраар "Ice Top" болон "Onyx" хамтлаг Төв цэнгэлдэхэд тоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх наймдугаар сарын 8 буюу аавуудын баярын өдрөөр Ice Top болон АНУ-ын хип хоп хамтлаг Onyx хамтран Төв цэнгэлдэхэд "Шүтээн минь" тоглолтоо хийхээр болжээ. 

Тус тоглолтынхоо талаар Ice Top хамтлагийн Kobe буюу С.Чулуунбаатар "Манай тоглолтын найруулагчаар Skin энтертайнментын Б.Анар ажиллаж байна. Бид энэ удаагийнхаа тоглолтын бэлтгэлийг хоёрдугаар сараас эхэлж бэлдсэн. 

Тоглолтод зориулж манай хамтлаг шинэ уран бүтээл туурвиж байна. Баяр наадмын дараа шинэ дуугаа олонд хүргэнэ. Мөн АНУ-ын Onyx хамтлагтай хамтраад шинэ дуу гаргахаар төлөвлөсөн.

Мөн тус тоглолтод манай хамтлаг 25 орчим дуу толилуулна. Өмнө нь тоглолтод дуулж байгаагүй уран бүтээлээ олонд хүргэх юм. Onyx хамтлагийн зүгээс мөн 25 дуугаа олонд хүргэхээр бидэнд жагсаалтаа явуулсан.

Бид бол олон талаараа төстэй хамтлагууд. Тиймээс хамтран тоглолт хийх саналыг зохион байгуулагчид маань тавьсан. Тэдэнтэй хамтран тоглолт хийхээр 2024 оны нэгдүгээр сараас холбогдож, ярилцсан.

Урт хугацаанд ярилцсаны эцэст Америкийн хип хоп хамтлагийнхан Монголд наймдугаар сарын 2-нд ирнэ. Ирээд шууд клипнийхээ бичлэгт ороод тухайн сарынхаа эхний долоо хоногт шинэ дуу маань олонд хүрч эхэлнэ" гэв.

зураг
 

Onyx хамтлагийн албан ёсны цахим хуудсанд Улаанбаатарт болох тоглолтынх нь хуваарь оржээ. Тус хамтлаг энэ сарын 11-нд Их Британийн Лондон хотод тоглохоор төлөвлөж буй юм байна.