УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр (2025.07.08) хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Сэддорж тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тогтоолын төсөлд, Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар, мөн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохоор тусгасан байна.
Сонсголын сэдвийг зөвхөн ордын ашиглалт, байгаль орчны нөлөөллийн хүрээгээр тогтсон нь явцуу байгааг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар онцолж, нийгэм, эдийн засгийн болон хүн ам, мал сүргийн эрүүл мэндийн асуудлуудыг ч нэг мөр судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэснийг гишүүд дэмжиж байлаа. Түүнчлэн сонсголын хугацааг наашлуулж, яаравчлуулах, Төрийн ордонд биш Ховд аймагт, орон нутагт нь хийх саналыг ч гаргаж байлаа. Бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо хэт нэмэгдэж байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн бол уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохын өмнө сонсгол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн илэрхийлсэн юм. Мөн сонсгол даргалагчийг Эдийн засгийн болон байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдээс, тэр дундаа УИХ дахь сөрөг хүчнүүдээс сонгох ёстой гэсэн саналыг Ч.Лодойсамбуу гишүүн гаргасныг зарим нь дэмжиж, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрийг дэвшүүлэв.
Халзан бүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбайд MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК-д, Ар хүрэн нэртэй 91.39 га талбайд MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбайд МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп" ХХК-д тус тус олгожээ.
Тус орд Лантан (La), Церий (Се), Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5.0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа бөгөөд нэг тонн газрын ховор элементийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10,000 орчим шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгарахын зэрэгцээ 70-100 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй цацраг идэвхт хаягдал тухайн орчинд үлддэг гэх мэдээлэл цацагдаад байна. Олборлолт хийж эхэлбэл цацраг идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Иймд тус ордыг ашиглахтай холбоотойгоор иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэн Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал нарын 27 гишүүн хүсэлт гаргасны дагуу тогтоолын төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүдийн гаргасан саналын дагуу сонсголын сэдвийг тогтоолын төсөлд тусгасны дагуу "Халзан бүргэдэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” гэснээр тогтоож, тов болон сонсгол даргалагчийн асуудлаар санал хураалт явуулав. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 60.6 хувь, товыг есдүгээр сарын 23-наар тогтохыг 63.6 хувь нь дэмжлээ. Тогтоолыг гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр батлагдав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!