ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сена голын усанд сэлэхийг хориглосон шийдвэрийг Францын эрх баригчид 100 гаруй жилийн дараа цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Францын нийслэлд 100 гаруй жил үйлчилсэн хориг цуцлагдсанаар парисчууд болон жуулчид Сена голын усанд Бямба гарагаас эхлэн сэлэх боломжтой болжээ.

Парис хотын захиргаа Эйфелийн цамхгийн ойролцоох Хунгийн арлын орчимд, Дар Эхийн Сүмийн дэргэд, Францын Үндэсний Номын Сангийн эсрэг талд нийт гурван байрлалд задгай усан санг Сена голын эрэгт нээсэн байна.

Хувцас солих өрөө, шүршүүр бүхий эдгээр газруудад бас наранд биеэ шарах хэсэг байгаа бөгөөд аврагчид байнга хяналт тавих ажээ.

Зуны улиралд зөвхөн усанд сэлэх чадвартай хүмүүст үйлчлэх усан сангууд үнэ төлбөргүй ч ачааллыг хүний багтаамжаар хязгаарлах гэнэ.

Мэргэжлийн байгууллагууд голын усны чанарыг тогтмол хянаж, усны гүн хангалттай түвшнээс багассан тохиолдолд сэлэхийг хориглохоор зохицуулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зуны хэт халалтын давтамж нэмэгдэх болсон энэ үед иргэдийн амьдралын чанарыг сайжруулах ажлын хүрээнд задгай усан сангуудыг нээж байгааг Парис хотын захирагч Анн Идальго тайлбарласан байна.

Францын эрх баригчид Сена голын усны чанарыг сайжруулахад нэг тэрбум гаруй евро зарцуулсны дараа 2024 оны Парисын зуны олимпын усан спортын зарим төрлийн уралдаан тэмцээнийг энд зохион байгуулж байв.

Нийт 775 км урт Сена голыг аялал жуулчлалаас гадна ачаа тээврийн зориулалтаар ашигладаг.

Жил бүр энэ голоор 20 сая тонн орчим бараа тээвэрлэдэг нь 800,000 орчим автомашинаар тээвэрлэх хэмжээний ачаа юм.

Энэ үзүүлэлтээрээ Сена нь Францын хамгийн их ачаалалтай хоёр дахь гол болдог.

Парисын эрх баригчид 1923 онд эрүүл мэнд, аюулгүй байдлын үндэслэлээр Сена голд сэлэхийг хориглосон нь 1960-аад оны эхэн үе хүртэл төдийлөн хэрэгждэггүй байжээ.

 

Эх сурвалж: AFP