Өчигдөр буюу Баасан гарагт Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрийн гүнд оршдог Шахед дроны тэсрэх бөмбөгийн үйлдвэрт амжилттай довтолсноо мэдээлжээ.
Халдлагад өртсөн объект нь Украины хилээс 500 гаруй километр зайд, нийслэл Москвагаас зүүн хойд зүгт оршдог Сергиев Посад хот дахь Хэрэглээний Химийн Судалгааны Хүрээлэнгийн дэргэдэх үйлдвэрлэлийн төв юм байна.
Довтолгоог Украины армийн бүрэлдэхүүнд өнгөрсөн онд шинээр байгуулагдсан “Нисгэгчгүй Системийн Зэвсэгт Хүчин” болон бусад салбар нэгжүүд хамтран зохион байгуулсныг Киевээс мэдээлжээ.
Довтолгооны үеэр дор хаяж нэг дрон үйлдвэрийн байгууламжийг мөргөсний улмаас гал түймэр гарч, эрчим хүчний дэд станц эвдэрснийг бас мэдээлсэн байна.
Энэ ажиллагааны дүрс бичлэгийг Украины зэвсэгт хүчин нийтэлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам энэ ажиллагааны талаар ам нээгээгүй ч Баасан гарагт нутаг дэвсгэр дээрээ Украины дронуудыг устгаснаа мэдээлсэн байна.
Халдлагад өртсөн байгууламж нь Оросын батлан хамгаалах салбарын томоохон компани Ростекийн харьяанд байдаг ажээ.
Энд пуужин, их бууны системүүд, Шахед дроны цэнэгт хошууг үйлдвэрлэдэг гэнэ.
Ираны зохион бүтээсэн Шахед-136 нисгэгчгүй онгоцыг Оросын тал одоо нутаг дэвсгэртээ үйлдвэрлэдэг болсон. Энэ дрон цагт 185 км хурдаар нисэж, 40 кг орчим тэсрэх бодис тээвэрлэдэг гэсэн техникийн стандарт үзүүлэлттэй.
Оросын мэргэжилтнүүд үүнийг улам сайжруулсан гэж Украины тал үздэг.
Хэдийгээр пуужингаас удаан нисэж, бага хохирол учруулдаг ч өртөг зардал багатай тул Оросын талд өргөн хүрээний агаарын довтолгоо явуулах боломж олгодог байна.
Хамгийн сүүлд Пүрэв гарагийн шөнө 330 гаруй Шахед дроноор Украины хотуудыг довтолсон юм.
Энэ довтолгоонд төөрөлдүүлэгч дронууд, далавчит болон баллистик пуужингууд зэрэг нийт 550 орчим агаарын зэвсэг ашигласан байна.
Тэдгээрийн ихэнхийг Украины тал устгасан ч 23 орчим хүн шархаджээ.
Уг довтолгоог АНУ-ын ерөнхийлөгч Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар утсаар ярьснаас хойш хэдхэн цагийн дараа явуулж байв.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!