Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярилцжээ.
Энэ үеэр тэд Оросын агаарын довтолгооноос хамгаалах Украины хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Тухайлбал зэр зэвсгийн хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, худалдан авалтын боломжуудыг Трамптай хэлэлцсэнээ Зеленский өөрийн Телеграм хуудсаар мэдээлжээ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын засаг захиргаа Украинд зарим төрлийн зэвсгийн нийлүүлэлтээ түр зогсоож байгааг зарласан.
Оросын агаарын довтолгооноос хамгаалахад АНУ-ын Патриот пуужингийн систем чухал ач холбогдолтой байгаа.
Саяхан Герман улсын эрх баригчид АНУ-ын нийлүүлэлт түр зогсоход үүссэн хомсдолыг нөхөхийн тулд Патриот системийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Украинд нийлүүлэх талаар ярилцаж эхэлсэн байна.
40 минут үргэлжилсэн ярианы үеэр Трамп нийлүүлэлтийг нь түр зогсоосон зэр зэвсгийн жагсаалтыг эргэн харж, нөөцийг нь шалгахаа Зеленскийд амласныг Вашингтоны албаны эх сурвалж баталжээ.
“Манай агаарын хамгаалалтын хүчин чадлыг бэхжүүлэх асуудлаар хоёр улсын төлөөлөгчид уулзахаар тохиролцлоо. Хамтарсан үйлдвэрлэлийн талаар бид маш дэлгэрэнгүй ярилцсан. Энэ нь бидэнд хэрэгтэй, Америкт ч хэрэгтэй” гэж Зеленский сүүлд мэдэгдсэн байна.
Өмнөх өдөр нь АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярилцсан юм.
Пүрэв гарагт Трамп, Путин нар ярилцсанаас хойш хэдхэн цагийн дараа Оросын арми Украины нийслэл Киев хотод энэ дайны хамгийн том дроны довтолгоогоо явуулжээ.
Энэ өдөр Трамп бас Германы канцлер Фридрих Мерцтэй ярилцсан тухай Spiegel сэтгүүл засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.
Хоёр удирдагч энэ үеэр Украины нөхцөл байдлыг, тэр дундаа тус улсын агаарын хамгаалалтыг бэхжүүлэх, агаарын хамгаалалтын системийг худалдаж авах асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!