• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Ардын жүжигчин А.Долгорт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын Дуурийн гоцлол дуучин, Ардын жүжигчин А.Долгорын дуурийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг хүртээнэ.

Ардын жүжигчин А. Долгор УДБЭТ-аас төрөн гарч буй долоо дахь, Монголын дуурийн дуучдаас төрж буй дөрөв дэх Хөдөлмөрийн баатар цолтон болж байна.

Дуурийн гоцлол дуучин Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор нь

  • 1976-1984 онд ЗХУ-ын Свердловск (өнөөгийн Екатеринбург) хотын Уралын Хөгжмийн дээд Сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
  • 1989-1990 онд Итали улсад дуурийн дуучнаар мэргэжил дээшлүүлж,
  • 1984-2012 онд Улсын Дуурь Бүжгийн Театрт “Гоцлол дуучин”-аар,
  • 2003 оноос өнөөдрийг хүртэл Соёл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

Шагналууд:

  • 1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагнал,
  • 1993 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин,
  • 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолыг хүртэж байсан.

А.Долгор Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан шилдэг дуурийн дуучдын нэг юм.

Тэрбээр Дэлхийн шилдэг сонгодог дууриуд болох Ж. Верди “Трубадур” дуурийн “Азучена”, Ж. Бизе “Кармен” дуурийн “ Кармен”, Ж. Россини “Севилийн үсчин” дуурийн “Розина”-гийн дүр, үндэсний дуурь Ц. Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн “ Цурхай”-ийн дүрийг өөрийн гэсэн өнгө аястай чадварлагаар дуулж бүтээсэн түүхтэй.

Дэлхийн сонгодог болон үндэсний дууриудад бүтээсэн дүрүүд:

  • Ж.Бизегийн «Кармен» — Кармен
  • Х.Билэгжаргалын «Ламбугайн нулимс» — Эх
  • Ж.Верди “Риголетто” — Маддалена
  • Т.Хренников “Шуурганаар” — Аксинья
  • П.И.Чайковский “Евгений Онегин” — Ольга
  • Ц.Нацагдорж “Үүлэн заяа” — Цурхай
  • Ж.Верди “Отелло” — Эмилия
  • Ж.Пуччини “Чио Чио Сан” — Сузуки
  • В.А.Моцарт “Увидаст лимбэ” —2-р хатагтай
  • Ж.Верди “Трубадур” — Азучена
  • Ц.Нацагдорж “Гэсэр” - Арлунгоо
  • Ж.Россини “Севилийн үсчин” - Розина
  • Л.Мөрдорж “Хөхөө Намжил”- Алтайн дагина
  • Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” -Дэлхий ээж
  • Д.Лувсаншарав “Хар Хорум”-Будлан
  • Отто Николай “Виндзорын овжин авхай нар” Пэйж
  • Б.Шарав “Чингис хаан” - Өэлүн ээж
  • Ж.Верди “Аида” -Амнерис