Уншиж байна ...
Зураг
Зураг

Афганистан дахь Талибаны дэглэмийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс Орос боллоо

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Москвад суух Афганистан улсын шинэ элчин сайдын жуух бичгийг хүлээж авснаар Орос нь Талибаны дэглэмийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс боллоо.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд хоёр улсын харилцаа хөгжих хэтийн төлөв харагдаж байгааг онцлоод аюулгүй байдал, терроризмын эсрэг болон хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Кабулын засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлжээ.

Түүнчлэн эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад худалдаа, эдийн засгийн томоохон боломжууд байгааг дурдсан байна.

“Афганистаны Исламын Эмират улсын засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа нь манай хоёр улсын хооронд төрөл бүрийн салбарт үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болно гэж бид үзэж байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Афганистаны гадаад хэргийн сайд Амир Хан Мутаки “Оросын хийсэн энэхүү зоригтой алхмыг бид өндрөөр үнэлж байгаа бөгөөд бурхан хүсвэл энэ нь бусад орнуудад үлгэр дуурайл болох юм” гэж мэдэгдсэн байна.

зураг
 

20 жил үргэлжилсэн дайны дараа АНУ тэргүүтэй Өрнөдийн зэвсэгт хүчин 2021 оны наймдугаар сард Афганистанаас гарсан юм.

Тухайн үед Афганистаны засгийн эрхийг авсан Талибаны дэглэмийг өчигдрийн байдлаар дэлхийн ямар ч улс орон албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байв.

Гэхдээ Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан, Пакистан зэрэг улсууд Кабулд элчин сайдаа томилсон нь хүлээн зөвшөөрөх эхний алхам болсон.

ОХУ-ын хувьд Талибаны засгийн газартай харилцаагаа аажмаар өргөжүүлж байгаа. Өнгөрсөн онд Путин тэднийг терроризмын эсрэг тэмцлийн холбоотноороо нэрлэж байв.

2022 оноос хойш Афганистан улс Оросоос байгалийн хий, газрын тос, улаан буудай импортолж байгаа.

Москвагийн эрх баригчид Талибан хөдөлгөөнийг 2003 онд террорист байгууллагын жагсаалтдаа нэмснийг энэ оны дөрөвдүгээр сард цуцалсан юм.

Афганистанаас Ойрх Дорнод хүртэл олон оронд байрладаг исламын зэвсэгт бүлэглэлүүд аюулгүй байдалд нь заналхийлэх болсон тул Оросын тал Талибаныг холбоотноо болгох сонирхолтой байгаа гэж ажиглагчид үздэг.

2024 оны гуравдугаар сард Москвагийн концертын танхимд гарсан 149 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг Исламын Улс бүлэглэл зохион байгуулснаа хүлээж байв.

Уг халдлагыг тус бүлэглэлийн Афганистан дахь салбар Хорасан үйлдсэн гэх дүгнэлтийг АНУ-ын тагнуулын албад гаргаж байлаа.

Өрнөдийн орнууд Талибаны дэглэмийг хүлээн зөвшөөрөхөөс цааргалж байгаа нь Афганистан дахь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдалтай холбоотой.

Орос, Афганистаны түүхэн харилцаа нэлээд ээдрээтэй замыг туулсан байдаг.

Зөвлөлтийн цэргүүд 1979 оны арванхоёрдугаар сард Кабулын коммунист засгийн газрыг дэмжих зорилгоор Афганистанд орж байсан.

Гэвч АНУ-ын зэвсэглэсэн можахид бүлэглэлийн эсэргүүцэл уг дайныг арван жил сунжруулсан юм.

Нийт 15,000 орчим цэргээ алдсаны дараа 1989 онд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев армиа Афганистанаас гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters