Уншиж байна ...
Зураг
Зураг

Японы "хөөж гүйцэх, гүйцэж түрүүлэх" эдийн засгийн философи

Редакцын бус нийтлэл
2025 оны 7 сарын 4
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад долдугаар сарын 6-13-нд төрийн айлчлал хийх гэж байна.

Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэе.



Япон улс 1868 оноос буюу Мейжи эрин үеэс (Муцухито хааны оны чимэг 1868-1912) орчин үежих үйл явцыг шийдэмгий эхлүүлж, Манж Чин, Хаант Орос хөрш хоёр гүрэнтэйгээ дайтан нэгэнт ялж, улмаар ХХ зууны эхнээс Азийн цорын ганц de facto их гүрний статустай улс болж, Солонгосын хойгийг өөртөө хавсарган нэгтгэснээр Азийн эх газрын гүрэн болон гарч ирсэн нь Зүүн хойд Азийн олон улсын харилцааны хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлтийг оруулсан юм. Хүч чадлаа улам бүр мэдрэх болсон Япон гүрэн өөрийн геополитикийг "Азийнхан Азидаа" хэмээн томъёолж, "Аугаа Их Дорнод Азийн хамтын цэцэглэлтийн хүрээ"-г тодорхойлж, энэхүү бүс нутагт олон улсын шинэ дэг журмыг илбэн тохинуулах үүргийг соёлжсон Их Наран улс гүйцэлдүүлэх ёстой гэж үзжээ. Энэ нь Дорнод Азийн хэрэг явдалд Өрнөдийн гүрнүүд хошуу, гараа дүрэх ёсгүй гэсэн үзэл баримтлалд суурилж байсанд оршино.

1901 онд Германы хүчээр булаан авч эзэмшлээ тогтоосон Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг 36 сая хүн амтай Шаньдун мужийг 1919 оны Парисын энх тайвны бага хурлаар буцааж авах шаардлагыг Бээжингийн Засгийн газар болон Кантоны хувьсгалт Засгийн газрын хамтарсан төлөөлөгчид тус бага хуралд тавьсан боловч Версалийн найрамдлын гэрээний эцсийн шийдвэрт их гүрнүүд Японы Хятад дахь тусгай "ашиг сонирхлыг" харгалзан Шаньдун дахь Германы бүх эрх мэдлийг Японд “олон улсын эрхзүй”-н дагуу шилжүүлсэн нь Тайшёо эрины (Ёшихито хааны оны чимэг 1912-1926) Японы геополитикийн тод амжилт болов. Энэ нь “Азийнхан Азидаа” гэсэн үзэл баримтлалтай бүрнээ нийцжээ.

"Алс Дорнодод Европын гүрнүүд халдан нэвтэрсэн нь Японд аюул занал учруулсан төдийгүй мөн ч Азийн ах дүү үндэстнүүдийнхээ хувь заяаг аврах бодол нэгэн адил төрсөн билээ" гэж Японы цэргийн атташе К. Каваками 1921 онд Нью Йоркт хэвлүүлсэн "What Japan thinks" товхимолдоо бичиж байжээ.

Япон улс дэлхийн II дайны Алс Дорнод, Номхон далайн талбарт ялагдсан боловч түүнээс хойших бүх цаг үеийн хамгийн чухал эдийн засгийн хөгжлийн хосгүй гайхамшгийг түүхэнд анх удаа харуулав.

1955 оноос 1970-аад оны эхэнд Японы эдийн засгийн бодит өсөлт дунджаар 10 хувьд хүрсэн нь АНУ-д 3.4, ХБНГУ-д 5.4, Францад 5.6, Их Британид 3.0, Италид 5.6 хувь тус тус байснаас хоёр дахин өндөр байжээ. Японы аж үйлдвэрлэл 1951 он гэхэд дайны өмнөх түвшинд нэгэнт хүрсэн байв. Япон нь 1949-1952 онд АНУ-ын дайны дараах Европын сэргээн босгох мега хөтөлбөр Маршаллын төлөвлөгөөнд албан ёсоор хамрагдаагүй нь тус улсын эдийн засаг сэргэх замдаа нэгэнт орсныг харуулсан бөгөөд харин АНУ-ын тусгай сангийн шугамаар 2.1 тэрбум долларын тусламж авч, үр дүнтэй ашиглажээ.

АНУ-ын дэмжлэгээр 1952 онд Bretton Woods-ийн институт болох ОУВС, Шинэчлэл, хөгжлийн олон улсын банк буюу өнөөгийн Дэлхийн банк, 1956 онд ЗХУ-тай харилцаагаа хэвийн болгосны дараа мөн онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1963 онд ГАТТ, 1964 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага-OECD-д нэгджээ.

Дээр дурдсан бүх бодлогын арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд 1949 онд байгуулагдсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн тогтворжуулалтын Хороо think tank-ийн үүрэг гүйцэтгэжээ. Худалдаа, үйлдвэрийн яамны шийдвэрээр 1951 онд Японы Хөгжлийн банкийг байгуулснаар хувийн секторт бага хүүтэй урт хугацааны зээлийн бодлогыг хэрэгжүүлэв. Тус яам 1954 онд мэдэгдэхдээ, 1949-1953 оны хооронд үр ашиг бүхий эдийн засгийн иж бүрэн тогтолцооны үндсийг нэгэнт тавьсан гэжээ.

Америкийн эдийн засагч Чолмерс Жонсон 1993 онд Станфордод хэвлүүлсэн “Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яам ба Японы гайхамшиг: Аж үйлдвэрлэлийн бодлогын өсөлт 1925-1975” бүтээлдээ: Хүнд үйлдвэржүүлэх бодлогын дүнд “Японы эдийн засгийн гайхамшгийг бүтээгч гол архитекторч нь Ерөнхий сайд Хаяато Икеда байсан” гэжээ. 1960-аад оны арван жилийг «Golden sixties» буюу “Алтан жаран” хэмээн нэрлэдэг агаад 1965 онд ДНБ 91 тэрбум ам. долларт хүрсэн бол 1980 онд гэхэд 1.06 их наяд ам. доллараар хэмжигдэж, даруй 10.5 дахин өсөв. Хаяато Икедагийн Засгийн газрын “орлогыг хоёр дахин өсгөх төлөвлөгөө” нь бага хүүтэй зээл, уян хатан татварын бодлого, суурь байгууламж буюу дэд бүтцийн салбар болох хурдны автозам, өндөр хурдны төмөр зам болон метро, нисэх онгоцны буудал, далайн боомтын техникжилт хийгээд далан, харилцаа холбооны салбар дахь өргөн хүрээтэй хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлснээр менежсэн эдийн засгийг буй болгожээ.

Дайнд сүйдсэн, түүхий эд, байгалийн баялаг хомс Японы эдийн засаг богино хугацаанд гайхамшгийг үзүүлсэн гол нууц нь нэгд, үр ашиг бүхий урт, дунд хугацааны стратегийн төлөвлөлт, эдийн засаг дахь төрийн уян хатан зохицуулалт, хувийн болон улсын сектор, хувь хүмүүст үйл ажиллагаагаа тууштай явуулах тааламжтай эрхзүйн орчинг бүрдүүлсэн, хоёрт, аж үйлдвэрийн салбарт зохистой бүтцийн өөрчлөлт хийж, бүх салбарыг биш, харин стратегийн тэргүүлэх болд, ган, металлург, нефть, химийн үйлдвэр, авто болон суурь машин, электроник, жижиг-дунд үйлдвэрлэлийг тэргүүн зэрэгт хөгжүүлсэн, гуравт, дайнд ялагдсан гол сургамж нь технологийн хоцрогдол байсанд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаан-технологийн дэвшлийг үйлдвэрлэлд хурдан шуурхай нэвтрүүлсэн, дөрөвт, үйлдвэрлэлийн үр ашигтай удирдлагын менежментийн тогтолцоог буй болгосон, тавд, маркетинг, зах зээлийн судалгаанд тулгуурласан экспортын чиглэлтэй гадаад худалдааны цогц бодлого явуулсан, «...худалдаа бол олборлолтын үйл ажиллагаа, худалдаа бол үйлдвэрлэл гэж үзсэн бөгөөд «гадаад худалдаа нь зээл, тусламжаас хавьгүй дээр» гэсэн зарчмыг удирдлага болгосон, зургаад, банк, санхүүгийн зохистой мөнгө-зээлийн бодлого, долоод, зах зээлийн механизмын үйлчлэл, наймд, япон хүмүүсийн ажилч, хичээнгүй чанар, эцэст нь, аюулгүй байдлаа АНУ-тай байгуулсан холбоотны гэрээнд даатгаж, батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 1 хувиас хэтрүүлэхгүй байх Үндсэн хуулийн заалтаар хязгаарлаж, тухайн салбарт хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр хэмнэсэн эдгээр байв.

Японы нийгмийг үндэсний соёл уламжлал, орчин үежих үйл явцын цогц хослол гэж үздэг. Япончууд өнгөрсөн түүхээсээ гүн гүнзгий сургамж авч, өнгөрсөн түүхэндээ гүн гүнзгий дүн шинжилгээ, дүгнэлт хийсэн ажгуу.

Японы нэрт эдийн засагч Канаме Акамацугийн тэмдэглэснээр 1960-1970-аад онд Японы хөгжлийн стратеги нь «хөөж гүйцэх», 1980-аад он гэхэд «гүйцэж түрүүлэх» эдийн засгийн философи байсан бөгөөд энэ нь ч ёсоор болжээ. Энэ стратеги ч Зүүн Азийн шинээр аж үйлдвэржсэн бар орнууд болох Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонг Конгийн хөгжлийн баримтлал болсон юм.

Үйлдвэржүүлэлтийн стратеги нь 1950-1960-аад онд импорт орлосон, 1960-1970-аад оны эхнээс экспортыг чиглэсэн, 1970-аад оны дунд үеэс электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлж иржээ.

1970-1980-аад оны заагт Япон нь автомашин, хөлөг онгоц, хар болон өнгөт металлургийн үйлдвэрлэлээр АНУ-тай эн зэрэгцэж, гэр ахуйн өргөн хэрэглээний цахим бүтээгдэхүүн, программын удирдлагатай суурь машин, үйлдвэрийн роботоор дэлхийд тэргүүн байранд гарч иржээ. 1980-аад оны эхнээс эрдэм ухаан шингэсэн электронникийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийн зах зээл дээр цор ганц өрсөлдөгч болсон байна.

1980-аад оноос үйлдвэрлэлийн хоёр дахь шатны бүтцийн өөрчлөлтийг эхлүүлж, үйлдвэрлэлийн процессыг иж бүрэн автоматжуулах, роботжуулах, хэрэглээний компьютер, мэдээлэл-тооцоолон бодох машин, хагас дамжуулагч, оптик, сансрын технологийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж, хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах, ХАА-д биотехнологи нэвтрүүлж эхэлжээ. Хатуу хучилттай дээд зэрэглэлийн хурдны болон өндөр хурдны гал тэрэгний хийгээд метроны зам 1.2 сая км-т хүрсэн нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж, хот, хөдөөгийн мэдэгдэхүйц ялгааг бүхэлд нь арилгасан байна. R&D-д оруулсан 130 тэрбум ам. долларын санхүүжилтээр 700 мянган эрдэмтэн судлаачид шинжлэх ухаан-техник, технологийн хамгийн тэргүүлэх салбарт ажиллах болсон нь дэлхийд хоёрдугаар байранд орох үзүүлэлт болов. Физик, хими, анагаах ухааны суурь судалгааны салбарт Японы 20 гаруй эрдэмтэн профессорууд Нобелийн шагнал хүртсэн нь тус улсын шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чадавх, хүрсэн түвшнийг эрхгүй харуулж байв.

2011 оны гуравдугаар сард Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцад гарсан осол бол технологийн хоцрогдол, буруу шийдэл, хариуцлагагүй үйлдлийн алдаа биш, харин байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэдэг нь эдүгээ нэн тодорхой болсон билээ.

Японы эдийн засагт "Matsushita", "Fujitsu", "Мitsui", "Sumitomo", "Itochu", "Daichi", "Nikondenki", "Маrubeni" "Kenwood" зэрэг санхүү-аж үйлдвэрийн conglomerate группүүд чухал үүрэгтэй бөгөөд "Toyota", "Subaru", "Nissan", "Hondo", "Suzuki", "Mazda", "Mitsubishi", "Isuzu" зэрэг автомашины, "Sony", "Toshiba", "Hitachi", "Sharp", "Panasonic", "Fuji", "Sanyo", "Yamaha", "JVC", "Canon Inc.," зэрэг электроникийн компаниуд өөрийн брэнд бүтээгдэхүүнээрээ бүр 1970-аад оны эхнээс л дэлхийд нэрд гарч эхэлсэн юм.

2010 онд ДНБ-ний хэмжээгээр 15.06 их наяд ам. долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ-ын дараа 5.8 их наядаар тооцогдох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн хоёрдогч том эдийн засаг, 1.1 их наяд ам. долларын валютын нөөц бүхий Япон улс 6.9 их наядын үйлдвэрлэл явуулж, 3 их наядын гадаад валют нөөцөлсөн, массын эдийн засаг, хүн амтай Хятадад байраа тавьж өгсөн ч XXI зуунд технологийн хөгжлийн гайхамшгийг цаашид ч үргэлжлүүлэн харуулах эдийн засаг, технологи, оюуны хүч чадавхтай орон юм.

Япон улс хөгжиж байгаа орнуудад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд 9.7 тэрбум ам. долларыг буцалтгүй тусламжид зарцуулж байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна.

Японы гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011-2019 онд нийт 232.8 тэрбум, 2020 онд 115.7 тэрбум ам. долларт хүрч, түүний хуваарилалт голлон АНУ, Зүүн Ази, Өрнөд Европт ногджээ. Экспортын гол түншид Хятад 18.8 хувь, АНУ 16.4 хувь, Өмнөд Солонгос 8.1 хувь, Тайвань 6.2 хувь, Хонг Конг 5.4 хувь үлдсэн нь ЕХ-ны орнууд, импортын хувьд Хятад 22.2 хувь, АНУ 10.9 хувь, Австрали 6.9 хувь, Саудын Араб 5.2 хувь, Арабын Нэгдсэн Эмират 4.1 хувь, Өмнөд Солонгос 4 хувь, Индонез 3.9 хувийг эзэлж, сүүлийн 30 гаруй жил гадаад худалдаанаас тасралтгүйгээр жилд дунджаар 100 тэрбум ам. долларын ашиг олжээ.

Япон нь дижитал эдийн засаг, хиймэл оюуны хөгжүүлэлт, судалгаа хөрөнгө оруулалт, зөөлөн хүчний чансаагаар дэлхийд эхний 10 дотор эрэмбэлэгдэж байгаа юм.

Япон нь түүхий эдийн нөөцгүй боловч, хамгийн том газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч, хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, мөн хамгийн том хэрэглэгч орон юм.

Японы дэлхийн эдийн засагт үзүүлж буй жин, нөлөө нь дурдсан улсыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүний суудалд нэрийг нь дэвшүүлэхэд хүргэж байгаа бөгөөд Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн АНУ, Их Британи, Франц бүрэн дэмжиж, ОХУ, БНХАУ ямар нэг байдлаар дэмжихээ илэрхийлдэг. Япон нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр нэг бус удаа сонгогдож, дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирэв. Нөгөө талаар Япон нь НҮБ-ын мөнгөн санд “хамгийн том хандивлагч” орон бөгөөд нийт санхүүжилтийн 19.5 хувь буюу 280 сая ам. доллар төлдөг, үүгээрээ АНУ-ын дараа хоёрт ордог ажээ.

1975 оны арваннэгдүгээр сард Парисын ойролцоох Рамбуей шилтгээнд зохиогдсон аж үйлдвэржсэн, ардчилсан орнуудын төр, засгийн тэргүүн нарын анхны дээд түвшний уулзалтаар Их Долоогийн бүлгийн үндсийг тавилцаж, Ерөнхий сайд Масаёши Охирагийн үед 1979 онд Токиод, Ясухиро Накасонэгийн үед 1986 онл Токиод, Кийчи Миязавагийн үед 1993 онд мөн Токиод, Ёширо Моригийн үед 2000 онд Окинавад, Ясуо Фукудагийн үед 2008 онд Хоккайдод, Абэ Шинзогийн үед 2016 онд Ватакано арлын Шима хотод Их Долоо болон Их Наймын дээд түвшний уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулж байв.

2019 оны зургадугаар сард Японы Осака хотноо Их 20-ийн дээд түвшний уулзалтыг Абэ Шинзогийн Засгийн газар амжилттай зохион байгуулсан юм.

1980-аад оны эхнээс Японы эрх баригчид “Япон бол Өрнөдийн Хамтын нийгэмлэгийн гишүүн мөн” буюу Өрнөдийн гүрэн гэсэн номлол дэвшүүлсэн бөгөөд энэ нь эдүгээ хүртэл Японы Засгийн газрын гадаад бодлогын үндэс болсон хэвээр байгаа билээ.

Япон Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны үзэл баримтлалыг 1970-аад оны эхэн үеэс дэвшүүлэн тавих болсон юм. Тийнхүү 1989 оны арваннэгдүгээр сард Австралийн нийслэл Канберра хотод зохиогдсон анхны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар АПЕК-ын үндэс суурийг тавилцаж, АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар АНУ-ын Вашингтон муж улсын Сиэттл хотын ойролцоо орших Blake Island-д АПЕК-ын гишүүн эдийн засгийн анхны дээд түвшний уулзалт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Япон нь АПЕК-ийн дээд түвшний уулзалтыг 1995 оны арваннэгдүгээр сард Осакад, 2010 оны арваннэгдүгээр сард Ёокохамад тус тус амжилттай зохион байгуулсан юм.

Chase Manhattаn Bank (өнөөгийн JP Morgan Chase)-ны Захирлуудын зөвлөлийн тэргүүн тэрбумтан Дэвид Рокфеллерын санаачлагаар Хойд Америк, Өрнөд Европ, Японы хамтын ажиллагааг зохицуулан нягтруулах зайлшгүй шаардлагыг үндэслэн 1973 оны 6 дугаар сард «аж үйлдвэржсэн, ардчилсан» гурван төв Нью-Йорк, Парис, Токиог оролцуулсан “Гурван талын Хамтын нийгэмлэг” хэмээх think tank-ийг байгуулсан юм. Байгууллагын зорилго нь “олон улсын харилцааны системийг шинэчлэх”, шаардлага нь “харилцан хамаарал” гэж үзэж байв. «Гурван төвийн Хамтын нийгэмлэг»-ийг “Дэлхийн сүүдрийн Засгийн газар” хэмээн нэрлэх нь буй.

Япон улс 1964 оны Токиогийн зуны XVIII, 2020 оны Токиогийн зуны XXXII , 1972 оны Саппорогийн өвлийн XI, 1998 оны Нагонагийн өвлийн XVIII Олимпын тоглолтыг тус тус нэр хүндтэй зохион байгуулсан билээ.

Аж үйлдвэржсэн, ардчилсан Япон гүрэн бол Монгол Улсын зах зээлийн харилцаа, ардчилсан тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсын “гуравдагч хөрш”, “хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түнш”, хамгийн том хандивлагч юм.

1990 оны долоодугаар сард АНУ-ын Хьюстон, 1991 оны долоодугаар сард Лондон хотноо болсон Долоогийн бүлэг, ЕЭЗХН-ийн дээд түвшний уулзалтын баримт бичигт Монгол Улсад олон улсын тусламж үзүүлэх талаар заалт анх удаа орсон юм. Энэ зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн Японы Засгийн газрын санаачилгаар ОУВС, Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагч орнуудын анхдугаар чуулга уулзалт 1991 оны есдүгээр сард Токиод зохиогдож, 1992-1996, 1998, 2003 онд үргэлжлэн зохион байгуулагдсан.

2003 оны арваннэгдүгээр сард Токиод зохиогдсон Монголыг дэмжигч донор улсуудын Зөвлөлдөх сүүлчийн Х чуулга уулзалтаар шилжилтийн үе дууссаныг албан ёсоор зарлаж, Хандивлагч орнуудын бүлгийг татан буулгах шийдвэр гаргажээ. Нийт 12 жилийн хугацаанд Монгол Улс хөгжлийн зээл 1.1 тэрбум ам. доллар, буцалтгүй тусламж 1.3 тэрбум ам. доллар авч ашигласан нь (нийт хөгжлийн тусламжийн 65 хувийг Японы Засгийн газар дангаараа гаргасан байна) шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нэн чухал үүрэг гүйцэтгэжээ.

2019 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцсон билээ. Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд Япон улстай дипломат харилцаатай 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн нар болон НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын болон бусад байгууллагын дээд түвшний зочин, төлөөлөгч оролцсон юм. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол Улс “гуравдагч хөрш” Япон улстай цогцлоон хөгжүүлж буй стратегийн түншлэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч байгаагийн тод илрэл болсон билээ.

зураг
 

Монголын төр засаг 2020 онд “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн нь даган дуурайх, шууд хуулбарлах тухай биш гэдэг нь нэн тодорхой бөгөөд харин дэлхийн дайнд ялагдсан, байгалийн баялаг байхгүй сайхь улс экспортын бүтэцтэй аж үйлдвэржүүлэлтийн бодлогыг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн, иргэд нь хэрхэн ажилч хичээнгүй, өндөр ёс суртахуунтай, шинийг санаачлагч гэдгээс л суралцах тухай асуудал ажгуу.

2022 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон улсад хийсэн төрийн айлчилалын үеэр гаргасан хоёр улсын Хамтарсан Мэдэгдэлд: “Өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотолж ... талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов.

Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв” гэсэн билээ.