Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Дашпагам: 1974 оноос дэлхий даяар улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарьснаар 90 сая хүний амь насыг аварсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны хоёрдугаар сард улаанбурхан өвчний анхны тохиолдол батлагдаж байв. Долдугаар сарын 3-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо улсын хэмжээнд 11,338-д хүрчээ.

Энэ нь долоо хоногийн өмнөхийг бодвол 1,200 гаруй тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болоод байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг энэ сараас эхлүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам дархлаажуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс дархлаажуулалтын тухай хуулийн дагуу 15 хүртэлх насны хүүхдүүдэд есөн төрлийн вакциныг 13 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор хийдэг.

Жишээлбэл улаанбурхан өвчний эсрэг вакциныг есөн сартайд эхний тун, 2 настайд хоёр дахь тунгаар дархлаажуулдаг. Улаанбурхан, гахайн хавдрын эсрэг вакцины эхний тунгийн хамрагдалт 2024 оны байдлаар 95.3 хувьтай, хоёрдугаар тунгийн хамрагдалт 95.1 хувьтай байна.

Өөрөөр хэлбэл тус вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн таван хувь нь ямар нэгэн шалтгаанаар хамрагдаж чадахгүй байна. Манай улсад жилд 60,000-70,000 хүүхэд шинээр мэндэлдэг. Үүний 3,000-4,000 хүүхэд тухайн товлолт вакцинаас хоцрох эрсдэлтэй байгаа.

Вакцинаас жил бүр хоцорсон хүүхдүүдийн тоог тооцож үзвэл 50,000 гаруй нь вакцин хамрагдаагүй гэсэн үг. Тиймээс эдгээр хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажлыг улс орон даяар эхлүүлсэн. Хэрэв таны хүүхэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцинаас хоцорсон байвал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв дээр нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

Улс орнууд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакциныг үндэсний товлолт вакциныхаа нэг болгож хэрэглэдэг. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч сэргийлэлт нь вакцин байдаг.

1974 онд дэлхий дахинд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, татрангийн эсрэг вакциныг үндэсний товлолт вакцин болгож өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа. 

"6, 7, 8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Ингэснээр вакцины товлолт нас хүрэхээс өмнө сэргийлэх өвөрмөц аргуудын нэг юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1974 оноос дэлхий дахинд дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 154 сая хүний амь насыг аварч чадсан. Үүний 90 сая нь улаанбурхан өвчний эсрэг вакциныг тариулснаар энэ өвчний шалтгаант эндэгдлээс хамгаалагдаж чадсан байна.

Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакциныг тарьснаар ноцтой ямар нэгэн урвал хүндрэл бүртгэгдээгүй. Хүүхдэд халуурах, бие тавгүйдэх, тарьсан газар өвдөж хавдах урвал илэрдэг хэдий ч эмчийн зөвлөсний дагуу шинж тэмдгийн эмчилгээ хийх, шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандаж болно. Гэхдээ энэ хариу урвалууд 2-3 хоногийн дараа арилдаг.

Улаанбурхан өвчнөөр вакциндаа хамрагдаагүй, эсвэл бүрэн тунгаа тариулаагүй, өмнө халдвар авч байгаагүй хүн өвчлөх боломжтой. Вакцинд хамрагдаагүй, нас нь болоогүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөс шалтгаалж эндсэн.

Энэ нь вакцин хамрагдаад бусдыгаа хамгаалах ёстой байсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болсон асуудал гэж болно. 6, 7, 8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Ингэснээр вакцины товлолт нас хүрэхээс өмнө сэргийлэх өвөрмөц аргуудын нэг юм. 

Вакцинд хамрагдаагүй хүн ам олноор цугларах нь улаанбурхан өвчин өргөнөөр тархах эрсдэл үүсгэнэ. Тиймээс нөхөн дархлаажуулалтын өдрүүдэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакциндаа хамрагдаарай" хэмээн ярилаа.