Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо Алтай хотхоны хажууд буюу Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажлыг ГУББГ-аас гүйцэтгэж буй.
Тухайн орчимд ус ихээр тогтдог учир 1,428 метр шугам угсралтын ажлыг зургаадугаар сарын 2-ноос эхлүүлжээ.
Шугам угсрах ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Алтай хотхоны зүүн Нарны гүүрний урд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр ус тогтож байсныг иргэд мэдэж байгаа байх. Ус зайлуулах шугамыг угсрах ажлын явц 70 орчим хувьтай байна. Сүүлд орсон хоёр удаагийн борооноор ус тогтоогүй.
Энэ жил Их дэлгүүр, Баянгол зочид буудлын хажууд буюу Хүүхдийн ордон орчимд, Олимпын гүүрний хажууд буюу Хүүхдийн паркийн зүүн талд ус тогтсон. Эдгээр байршилд ус зайлуулах шугам байгаа хэдий ч ус тогтсон шалтгаан нөхцөлийг манай байгууллагаас шуурхай илрүүлж, зохион байгуулалт хийж ажиллаж байна.
Шугам угсралт дээр дөрөв, засварын ажилд нэг бригад, цэвэрлэгээний нэг бригад дээрх ус тогтсон байршлуудад ажиллаж байна. Ус тогтоод байгаа шалтгаан гэвэл Улаанбаатар хотын шугам хоолой 1980 он хүртэл ихэнх байгууламжууд баригдсан буюу насжилт хэтэрсэн.
Улаанбаатар хотын одоогийнх шиг барилгажаагүй үед шугам хоолойгоо хийсэн учраас 300, 400-гийн шугам хоолойг ихэвчлэн угсарсан байдаг. Тиймээс барилгажилт ихсэхэд шингээх талбай байхгүй, ус их орж ирээд шугам ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иргэд, ААНБ санаатай болон санамсаргүй шугам хоолойг эвдэх, таслах үйл ажиллагаанууд гардаг. Ус тогтсон байршил бүр дээр бид шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг тодруулдаг гэдгийг иргэд маань ойлгоосой. Жишээлбэл Олимпын гүүрэн дээр насос шахаж дийлэхгүй болсныг сайжруулж сольсон. Ер нь шугам угсралтын ажил гүйцэтгэх явцад газар доогуурх шугам сүлжээ мэдээллийн сантай зөрөх, бүр мэдээллийн санд байхгүй шугам сүлжээ ч тааралдах нь бий” гэлээ.
Энэ онд Энхтайвны гүүрний дор, Хувьсгалчдын гудамж буюу Бөмбөгөрийн орчимд, Вокзал орчим, Ажилчны гудамж зэрэг байршилд ус зайлуулах шугам хоолойг үе шаттай угсрах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|