Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгыг өнгөрсөн онд барьж эхлээд буй.
Тус сургуулийн барилгын ажлын явцтай хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр танилцжээ.
Энэ үеэр тэрбээр "Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцыг харлаа.
Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дотор засал болон гадна тохижилтын ажлууд мөн дуусах шатандаа оржээ. Тус сургуулийг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
"Гантоонот" ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна" гэв.
Гандантэгчэнлин хийдийн сургуулийн барилга нь 32.5х18.6 ам метр хэмжээтэй, 2,720 м.кв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар байна.
Шашны гэх тодотголтой ерөнхий боловсролын төрөлжсөн 112 дугаар сургууль Гэсэр сүмийн хуучин барилгад олон жил үйл ажиллагаа явуулж байсныг 2023 онд Шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирсан байна. 112 дугаар сургуулийн сурагчдын хичээллэж байсан байр нь 1954 онд баригджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!