Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины нийслэл Киевийг чиглэсэн Оросын агаарын довтолгооны улмаас есөн хүний амь үрэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн үүрээр Оросын тал Украины нийслэл Киев хотын чиглэлд пуужин, дрон оролцуулсан агаарын томоохон довтолгоо явуулсны улмаас есөн хүний амь үрэгджээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн зургаа нь орон сууцны олон давхар барилгын оршин суугчид байсныг Киев хотын захирагч Виталий Кличко мэдээлсэн байна. Уг довтолгооны улмаас өөр 33 хүн шархаджээ.

Даваа гарагийн өглөө эрт Оросын талаас нийт 352 дрон, 16 пуужин харвасны ихэнх нь Киев орчмын бүс нутгийг чиглэсэн тухай Украины зэвсэг хүчин мэдээлсэн байна.

Энэ удаагийн довтолгоонд орон сууцнууд, эмнэлгүүд, спортын дэд бүтцүүд өртсөнийг тус улсын дотоод хэргийн сайд Игорь Клименко мэдээлж, гэрэл зургуудыг сошиал хуудсандаа нийтэлжээ.

Одесс хот орчмын нэг сургуулийн барилга цохилтод өртсөний улмаас хоёр хүн алагдаж, хэдэн арван хүн шархадсан байна.

“Оросын цохилтуудын аль нь ч санамсаргүй биш. Оросын арми яг хаашаа онилсноо мэдэж байгаа” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа бичжээ.

Тэрбээр Даваа гарагт Украинд үзүүлэх Их Британийн тусламжийн талаар ерөнхий сайд Кэйр Стармертай хэлэлцэхээр Лондонд хүрэлцэн очсон юм.

Сүүлийн өдрүүдэд Оросын тал Украины хотуудыг чиглэсэн агаарын довтолгоонуудаа улам эрчимжүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Киев хот ээлжит агаарын довтолгоонд өртөхөд 28 хүний амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдаж байв.

Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Орос-Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлт мухардаад байна.

Дайтагч талууд хамгийн сүүлд гурван долоо хоног орчмын өмнө Туркийн Истанбул хотод уулзахдаа гал зогсоох тохиролцоонд хүрч чадаагүй, зөвхөн олзны хүмүүс болон алагдсан цэргүүдийн цогцос солилцохоор болж байв.

 

Эх сурвалж: BBC