Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хотын ерөнхий менежер мэдээлэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2,418 Гкал/ц боловч сүлжээнд холбогдсон ачаалал 3,558.1 Гкал/ц буюу 31.8 хувийн хэтрэлттэй ажилладаг. Өнөөдрийн байдлаар дулаан хангамжийн 13.5 км гол шугамын шинэчлэл, засварын ажил, 32 байршилд угсралтын ажил 37.5 хувийн гүйцэтгэлтэй.
Их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд төлөвлөгөөт нийт 31 нэр төрлийн 88 багц ажлыг аравдугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөж, ажлын гүйцэтгэл 20.6 хувьтай байна.
Улаанбаатар хотын оршин суугчдыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах чиглэлд нийт 27 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс биелэлт 28 хувьтай байгаа” гэлээ.
Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл хэрэгжиж байгаагаас 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад оржээ.
Нийслэлд 51 байршилд 100.2 км авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц 52 хувьтай хэрэгжиж байгаа бол зургаан дүүргийн хэмжээнд нийт 42 ширхэг лифтийг шинэчлэн солих ажил 50 хувьтай байгаа аж.
Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын паркийг шинэчлэхээр шийджээ. Нийтийн эзэмшлийн арчилгааны ажлын хүрээнд 157 га талбайд хувийн хэвшлийн 17 ААНБ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот таван газраас арчилгаа хийдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!