Өчигдөр буюу Пүрэв гарагт Цагаан ордонд Германы канцлер Фридрих Мерцтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн сонирхолтой байр суурь илэрхийлжээ.
Тухайлбал тэр дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Орос, Украины дайныг бага насны хүүхдүүдийн зодоонтой зүйрлэж, тэднийг эвлэрүүлэхээсээ өмнө “нэг хэсэг тулалдуулах нь дээр” байж магадгүйг хэлсэн байна.
“Заримдаа хүүхдүүдийг хэсэг зодолдуулсны дараа салгасан нь дээр байдаг шүү дээ” гэж тэр хэлжээ.
Канцлер Мерц энэ үеэр талууд Украины дайны асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгааг илэрхийлж, АНУ-ын ерөнхийлөгчийг энэхүү дайныг зогсооход хамгийн их нөлөөтэй хүн болохыг хэлсэн байна.
Нөгөө талаар тэр бас Герман улс Украины талд тууштай зогсохыг амлаж, “Бид тэднийг хүчирхэгжүүлэхийг хичээж байна” гэж хэлжээ.
Өчигдөр Трамп, Мерц нар анх удаа нүүр тулан уулзсан юм. Тавдугаар сарын 6-нд Мерц канцлерын албан тушаалд томилогдсоноос хойш тэд хэд хэдэн удаа утсаар ярьж байв.
Германаас АНУ-д цагаачилж ирсэн Трампын өвөө Фридрих Трампын алтадсан жаазтай төрсний гэрчилгээг Мерц уулзалтын үеэр бэлэглэжээ.
Герман улс нь Украинд үзүүлдэг зэр зэвсгийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Мерц канцлер болсныхоо дараа Германы тусламжийг улам нэмэгдүүлэхээ амлаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт тэр Берлин хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа алсын тусгалын пуужин хамтран үйлдвэрлэх гэрээ байгуулсан юм.
Мөн Германы нийлүүлсэн зэвсэгт зайн тусгалын ямар ч хязгаарлалт байхгүй болж буйг Мерц зарлаж байв.
Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд НАТО-гийн түнш Герман улсад батлан хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэхийг шаардаж байсан юм.
Өмнөх канцлер Олаф Шольцын үед Герман улс энэ шаардлагыг нь биелүүлсэн бол Трамп одоо тэр 5 хувьд хүргэхийг шаардах болсон.
Мерц энэ үзүүлэлтийг 2032 онд 3.5 хувьд хүргэх, үлдсэн 1.5 хувийг батлан хамгаалахын дэд бүтцийг хөгжүүлэх замаар нөхөх амлалт өгч байгаа.
Үүнээс гадна Трамп, Мерц нар хоёр улсын хооронд үүссэн худалдааны маргаан зөрчлөө арилгах талаар ярилцжээ.
Өнгөрсөн онд Герман улс АНУ-д $160 тэрбумын бараа экспортолсон бол АНУ-аас Германд үүнээс $85 тэрбумаар бага үнийн дүнтэй бараа экспортолсон байна.
Энэ зөрөөг арилгах нь Трампын хүсэл юм.
“Герман бол АНУ-ын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Цөөхөн хэдэн улс л Германаас илүү хөрөнгийг АНУ-д оруулдаг. Бид гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр гуравдугаарт жагсаж байна” гэж Мерц өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!