Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 оны 6 дугаар сард байгуулагдсан бөгөөд удахгүй 10 нас хүрнэ. Энэ хугацаанд буюу 2005-2013 онд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар шийдвэрлэсэн төрийн албаны маргааны судалгааг тус танхимаас хийжээ.
Дээд шүүх дээрх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалжээ.
Төрийн албаны маргааны талаарх судалгаа:
Д/д | Он | Ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тоо | Үүнээс ажилд нь эгүүлэн тогтоосон | Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж, түүнийг нь гаргасан | Төрийн байгууллагаас гаргасан төлбөрийн хэмжээ |
---|---|---|---|---|---|
1 | 2005 | 8 | 2 | 2 | 1 169 769 |
2 | 2006 | 16 | 12 | 5 | 2 678 755 |
3 | 2007 | 12 | 11 | 9 | 8 464 369 |
4 | 2008 | 22 | 13 | 8 | 6 819 765 |
5 | 2009 | 50 | 25 | 13 | 26 922 511 |
6 | 2010 | 81 | 63 | 30 | 67 261 185 |
7 | 2011 | 50 | 30 | 15 | 40 489 421 |
8 | 2012 | 37 | 33 | 10 | 31 092 985 |
9 | 2013 | 32 | 21 | 9 | 24 202 605 |
10 | Нийт | 308 | 210 | 101 | 209 101 365 |
Ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөх олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан бөгөөд 101 хүнд нийт 209 сая 101 365 төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэсэн аж.
Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!