Сүмогийн сүүлийн хоёр тэмцээнд дараалан түрүүлээд буй озеки Оносато их аварга буюу ёкозүна цолын болзол хангасан. Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Ёкозүнагийн Зөвлөл түүнд цол олгох эсэхийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Ингэснээр ирэх Лхагва гарагт Сүмогийн Холбоо түүнд цол олгох эсэхийг шийднэ.
Зөвлөлөөс Оносатог ёкозүна цолын болзол сонссон ч ямар ч дарамтгүйгээр тэмцээнээ дуусгаж чадсан гэж магтжээ.
Хэдийгээр 15:0 гэсэн төгс амжилттай тэмцээнээ дуусгахад Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн саад болж, сүүлийн өдөр түүнийг давсан ч 24 настай япон эр хэвлэлийн бага хурлын үеэр "Тэмцээнд хэдэн удаа ялсан нь надад сонин биш. Түрүүлж чадсандаа л баяртай байна. Дэвжээнд гарахдаа ямар нэг дарамт мэдэрсэнгүй" гэсэн байна.
Сүмогийн холбоо 1958 оноос хойш өнөөгийн систем буюу жилд зургаан тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл Оносато ердөө 13 тэмцээний дараа ёкозүна цол авч буй нь дээд амжилт. Түүнээс өмнө 1973 оны тавдугаар сард их аварга цолын болзол хангасан Важима 21 тэмцээн зарцуулсан гэдгээрээ рекорд эзэмшиж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!