Латвийн тагнуулын алба тус улсад шургалсан Оросын хорлон сүйтгэгчид, тагнуулын ажилтнуудыг таних гарын авлагыг иргэддээ тараажээ.
Тус улсын MIDD гэж нэрлэгддэг Батлан Хамгаалах, Аюулаас Хамгаалах Албаны жил тутмын тайланд энэ мэдээллийг хавсаргасан байна.
Тухайлбал хааш яаш, зохиогүй хувцаслалт, “ариун цэврийн шаардлага хангаагүй” биеэ авч явах байдал зэрэг нь таних эхний шинж тэмдгүүд байж болохыг анхааруулжээ.
Мөн нутгийн хүмүүстэй ярилцахаас зайлсхийдэг, цэргийн хэв маягтай богино үс засалт, газар нутгийг сайн мэдэхгүй ч аяллын багаж хэрэгсэл, газрын зураг, эмнэлгийн тусламжийн хэрэгсэл, радио холбоо гэх мэт эд зүйлстэй яваа жуулчид байж болохыг дурдсан байна.
Эдгээр шинж тэмдгүүд ажиглагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх нь чухал дэд бүтэц, цэргийн байгууламжуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, зорилтот аллага үйлдэх, нийгэмд үймээн самуун дэгдээх зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг MIDD тайландаа онцолжээ.
“Украины туршлагаас харахад Оросын тусгай албадын илгээсэн этгээдүүдийн хэв шинж нь тагнуул, хорлон сүйтгэгчдийн сонгодог дүр төрхтэй таарахгүй байх магадлалтай” гэж тайланд бичсэн байна.
Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудад кибер халдлага гарах, галдан шатаах, далай доорх кабел, дэд бүтэц гэмтээх зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй сэжигтэй үзэгдлүүд гарах болсон.
Эдгээрийн заримыг Оросын тусгай албад зохион байгуулсан нь илэрсэн ч Москвагийн эрх баригчид эрс үгүйсгэсээр байгаа.
Лхагва гарагт Германы холбооны прокурорууд Оросын талын захиалгаар тэсрэх бөмбөгтэй илгээмж ашиглан халдлага үйлдэхийг завдсан Украины гурван иргэнийг баривчилснаа мэдээлсэн юм.
Өнгөрсөн оны долдугаар сард Литва улсаас Их Британийн Бирмингэм, Германы Лайпциг, Польшийн Варшав хотуудад тус тусдаа хүргэгдсэн илгээмжүүд дэлбэрсэн хэрэг гарч байв.
Европын аюулгүй байдлын албад үүнийг Оросын зүгээс явуулсан хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
115 СЭТГЭГДЭЛТЭЙ
|