Онгоц газардах үед бусдаасаа түрүүлж буухын тулд суудлын бүсээ эрт тайлж, хаалга руу яардаг зорчигчдыг торгох шинэ журмыг Турк улсын эрх баригчид энэ сараас нэвтрүүлж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Журамд торгуулийн хэмжээг тодорхой заагаагүй ч Туркийн Halk TV суваг 2,603 лир буюу ойролцоогоор $67 байхыг мэдээлсэн байна.
Суудлын бүсний анхааруулгын гэрэл унтраагүй байгаа тохиолдолд онгоц бүрэн зогссон ч зорчигч суудлаасаа босох ёсгүй байдаг. Гэхдээ энэ дүрэм ихэнхдээ хэрэгждэггүй, авиа компаниуд ч ямар нэг шийтгэлийн арга хэмжээ авдаггүй.
Турк улсад нэвтэрч буй шинэ журамд суудлын бүсний анхааруулгын гэрэл унтарсан ч урд эгнээний зорчигчид буухад бэлэн болоогүй байхад суудлаасаа босвол торгох нөхцөл бас тусгагдсан гэнэ.
Авиа компаниудад “Онгоцноос буух ээлжээ болтол суудлаасаа босохгүй байна уу” гэсэн анхааруулгыг дуу хоолойгоор зарлах чиглэл өгсөн тухай эх сурвалж мэдээлжээ. Хэрвээ шинэ журмыг мөрдүүлж ажиллаагүй бол агаарын тээврийн компаниудад бас захиргааны шийтгэл оноохоор журамд тусгасан гэнэ.
Turkish Airlines компани холбогдох заавар чиглэлийг өөрийн бүхээгийн ажилтнуудад өгч эхэлсэн тухай Туркийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Эх сурвалж: DPA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!