Энэтхэг улсад iPhone үйлдвэрлэх Apple компанийн төлөвлөгөөг цуцлуулах хүсэлтэй байгаагаа Трамп мэдэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Apple компани гол бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг дан ганц Хятадаас хараат байлгахгүйн тулд Энэтхэгт үйлдвэрээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг нь таалахгүй байгаа ажээ.

Өмнөх өдөр нь Катарт болсон арга хэмжээний үеэр Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй уулзахдаа энэ талаар ярьснаа Пүрэв гарагт Трамп сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Өчигдөр Тим Күүк бид хоёрын хооронд жижиг үл ойлголцол үүссэн. Тэр Энэтхэг даяар үйлдвэрээ байгуулж байгаа. Харин надад энэ нь таалагдахгүй байна” гэж Трамп ярьжээ.

Ямартай ч энэ ярианы үр дүнд Apple “АНУ дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр болсон” гэж тэр нэмж хэлсэн байна.

Трамп бас Энэтхэгийг дэлхийн хамгийн өндөр татварын босготой орнуудын нэг, АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсад нийлүүлэхэд маш их хүндрэлтэй байдгийг энэ үеэр онцолжээ.

Гэхдээ Энэтхэгийн тал АНУ-ын барааны импортын татварыг бууруулах санал тавьсныг тэр сэтгүүлчдэд дуулгасан юм.

Энэтхэгийн засгийн газар Трампын хэлсэн үнэн эсэхийг одоогоор батлаагүй байна.

Apple компани iPhone бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг Хятадад захиалж үйлдвэрлүүлдэг. Харин АНУ-д энэ бүтээгдэхүүнээ огт үйлдвэрлэдэггүй юм.

Энэтхэгт үйлдвэрлэсэн iPhone-ий ихэнх хэсгийг тус улсын өмнөд бүсэд оршдог Foxconn группийн үйлдвэрт угсардаг.

Өөр нэг үйлдвэрлэгч нь Энэтхэгийн томоохон компани Tata Group юм.

Одоо Foxconn, Tata хоёрын аль аль нь өмнөд Энэтхэгт үйлдвэрээ өргөжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

Энэ оны гуравдугаар сарыг хүртэл сүүлийн 12 сарын хугацаанд Apple компани Энэтхэгийн үйлдвэрүүдэд нийт $22 тэрбумын үнэ бүхий iPhone угсруулсан нь өмнөх жилээсээ 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа