Пүрэв гарагт Туркийн Истанбул хотод Украин, Оросын засгийн газрын төлөөлөгчид уулзахаар тохиролцсон ч нэг өдрөөр хойшилжээ.
Өчигдөр Туркийн гадаад хэргийн сайд Оросын төлөөлөгчидтэй уулзсаны дараа Баасан гарагт Турк-Украин-Оросын гурван талт уулзалт зохион байгуулахаар тохиролцсоныг Анкарагийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
“Өнөөдрийн уулзалт өндөрлөлөө. Маргааш өөр форматын дагуу яриа хэлэлцээ эхлэх болно. Орос, Украин, Туркийн гурван талт хэлэлцээ манай төлөвлөгөөнд байгаа” гэж эх сурвалж мэдээлжээ.
Мөн үүнээс гадна АНУ, Украин, Туркийн гурван талт хэлэлцээ болох талаар мэдээлсэн байна.
Харин дөрвөн талт хэлэлцээ болох төлөвлөгөө одоогоор байхгүйг баталсан юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр Анталья хотод НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон байна.
Энэ үеэр тэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Ний нуугүй хэлэхэд маргааш болох уулзалтаас бид тийм ч их зүйл хүлээхгүй байна” гэж хэлээд талуудын яриа хэлэлцээг зохион байгуулахад Турк улс хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ уулзалтад биечлэн оролцохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалсан ч тэр харьцангуй доогуур түвшний төлөөлөгчдийг Истанбулд илгээсэн байна.
Өчигдөр Истанбулын уулзалтад оролцохоор ирсэн Зеленский оронд нь Анкара хотод Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзжээ.
Оросын талтай хэлэлцээ хийх Украины төлөөлөгчдийг батлан хамгаалахын сайд Рустем Умеров ахлахаар болсон байна.
Оросын төлөөлөгчдийг ахалж байгаа Путиний туслах Владимир Мединский өмнө нь Украин улс оршин тогтнох ёстой эсэхэд эргэлздэгээ илэрхийлж байсан, дайн эхэлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сард болсон өмнөх Орос-Украины уулзалтыг тэргүүлж байсан хүн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!