Азийн үнэт цаасны форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах эрхийг авсантай холбогдуулан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн Дарга Г.Энхбаттай ярилцлаа.
- Азийн үнэт цаасны форум байгууллагын тухай, үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье.
“Asia Securities Forum” (ASF) буюу Азийн Үнэт Цаасны Форум нь 1995 онд анх зохион байгуулагдаж байсан ба уг форум нь Азийн бүс нутгийн хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл ASF нь бүс нутгийн хөрөнгийн зах зээл, биржүүдийн зохицуулалтын уялдааг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, ялангуяа хөгжиж буй зах зээлүүдийг олон улсын жишигт ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон арга хэмжээ юм.
- Азийн бүс нутгийн ямар улс орнууд, байгууллагууд гишүүнчлэлтэй байдаг вэ?
“ASF” нь Япон, БНСУ, Хятад, Сингапур, Энэтхэг, Австрали, ОХУ, Вьетнам, Малайз, Тайланд, Монгол зэрэг 20 гаруй орны зохицуулагч агентлаг, үнэт цаасны биржүүд, холбоодыг өөртөө нэгтгэдэг. Тухайлбал, Японы Үнэт цаасны дилерүүдийн холбоо (JSDA), Хонконгийн Бирж (HKEX), БНСУ-ын Үнэт цаас, фьючерсийн холбоо (KOFIA), Сингапурын Үнэт цаасны холбоо (SAS), Хятадын Үнэт цаасны холбоо (SAC) тэргүүтэй 30 гаруй нэр хүндтэй байгууллагууд багтдаг. Эдгээр 30 байгууллага, холбоод нь тус бүр олон зуун Азийн хөрөнгө оруулалтын сан болоод банкууд, үнэт цаасны компаниуд, бусад санхүүгийн салбарын гол тоглогчдын сүлжээ гишүүнчлэлтэй.
“Asia Securities Forum-ийн гишүүн байгууллагуудын төлөөлдөг санхүүгийн зах зээл нь нийт Азийн зах зээлийн 80-90 хувийг хамардаг.”
- Олон зуун гол хөрөнгө оруулагч байгууллагуудыг нэгтгэсэн 30 гаруй холбоод, биржүүд гэхээр Азийн хөрөнгө оруулалтын сүлжээ тэр чигээрээ багтдаг гэж ойлгож болох уу?
Тийм ээ, та зөв ойлгожээ. “ASF”-ийн гишүүн байгууллагуудын төлөөлдөг санхүүгийн зах зээл нь нийт Азийн зах зээлийн 80-90 хувийг хамардаг. Жишээлбэл, гол гишүүн байгууллага болох Япон улсын Үнэт цаасны дилерүүдийн холбоо (JSDA) гэхэд л дэлхийд нэртэй “Nomura Securities Co. Ltd.,” “Daiwa Securities Group Inc.”, “SMBC Nikko Securities Inc.”, “Mizuho Securities Co. Ltd.”, “Rakuten Securities Inc.” зэрэг тэргүүлэгч 480 компаниудыг эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй. Зөвхөн 2024 онд 45.278 мянган их наяд иен буюу 316.2 тэрбум ам.долларын OTC (биржийн бус) бондын арилжаа хийгдсэн байгаа юм.
Хонконгийн Бирж (HKEX) гэхэд “Guotai Junan International”, “CLSA” (Citic Securities), “CICC”, “Haitong Securities”, “ICBC”, “Bank of China”, “China Merchants Securities” (HK), “Barclays”, “BNP Paribas”, “Citigroup”, “Merrill Lynch Far East Limited” зэрэг дэлхийн хэмжээний 1,100 байгууллагууд багтаадаг байгууллага юм. Уг биржийн нийт арилжааны хэмжээ нь 2023 онд 108.0 их наяд хонконг доллар буюу 13.9 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.
- “ASF”-ийн үндсэн үйл ажиллагаа, чиглэлүүдийн талаар товч танилцуулна уу?
Азийн бүс нутгийн хэмжээнд гурван гол үйл ажиллагааг зохион байгуулдаг. Нэгт, Ерөнхий Чуулган нь жил бүрийн намар зохион байгуулагддаг бөгөөд бүс нутгийн зах зээлүүдийн одоогийн байдал болон голлох хөгжлийн талаар мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлдэг. Хоёрт, Токиогийн дугуй ширээний хэлэлцүүлэг нь 2006 онд эхэлсэн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээлийн төлөөлөгчдөд зориулсан семинар, сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулах чухал платформ болж өгдөг. Гуравт, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг (SDGs) дэмжих, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх явдал юм.
- “ASF”-ийн ерөнхий чуулган 2025 онд Улаанбаатарт зохион байгуулах болсон шалтгаан, онцлог юу вэ?
Азийн Үнэт Цаасны Форумын жилийн ерөнхий чуулган өмнө нь Токио, Хонконг, Сөүл, Бээжин, Сингапур зэрэг бүс нутгийн томоохон санхүүгийн төвүүдэд зохион байгуулагдаж ирсэн. 2025 онд энэхүү нэр хүндтэй Ерөнхий чуулганыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах эрх авсан нь Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж гэж харж байна. Монгол Улс анх удаа “ASF”-ийн чуулганыг зохион байгуулж байгаа нь манай улсын санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй байдал болоод бүс нутгийн оролцоог үнэлж буйг илтгэнэ. Азийн Үнэт Цаасны Форум байгуулагдсаны 30 жил, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо байгуулагдсаны мөн 30 жилийн ой 2025 онд давхцаж байгаа нь улам бэлгэшээлтэй болгож байна.
- Энэхүү чуулган Монголын хөрөнгийн зах зээлд ямар боломжуудыг бий болгох вэ?
Энэхүү чуулган Монголын хөрөнгийн зах зээлд олон талын бодитой боломжийг бий болгоно. Нэн тэргүүнд, гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах, тэдэнд Монголын зах зээлийн боломжийг таниулах таатай нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, манай улсын аж ахуйн нэгж, компаниуд Азийн хөрөнгийн зах зээлд нэвтрэх, үнэт цаас гаргаж хөрөнгө босгох, давхар бүртгэл хийлгэх зэрэг шинэ гарцуудыг нээхэд дэмжлэг үзүүлнэ. Гуравдугаарт, салбарын дүрэм журам, зохицуулалтыг олон улсын жишигт ойртуулах, улмаар хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно. Түүнчлэн Монголын компаниуд болон хөрөнгө оруулагчид Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг судлах, олон улсын түншүүдтэй холбоо тогтоох, тэдний туршлага, орчин үеийн чиг хандлагаас суралцах өргөн боломж нээгдэнэ.
“Томоохон банкууд хувь эзэмшлийн төвлөрлөө хуульд нийцүүлэхээр хөрөнгө оруулалтын эрэл хайгуул хийж буй энэ цаг үед ховор олдох завшаан юм.”
- Энэ арга хэмжээ Монгол Улсын санхүүгийн салбарын нэр хүндийг олон улсад хэрхэн ахиулах вэ?
Азийн тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын төлөөллийг эх орондоо хүлээн авч, чуулганыг амжилттай зохион байгуулах нь Монгол Улсыг бүс нутгийн санхүүгийн тавцанд идэвхтэй, нээлттэй тоглогч болохыг харуулж, олон улс дахь нэр хүндийг нь өсгөхөд чухал ач холбогдолтой юм. Тэр дундаа банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн томоохон банкууд хувь эзэмшлийн төвлөрлөө хуульд нийцүүлэхээр хөрөнгө оруулалтын эрэл хайгуул хийж буй энэ цаг үед ховор олдох завшаан юм. Түүнчлэн уул уурхайн болоод бусад санхүүгийн болон санхүүгийн бус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт мөн л чухал нөлөөтэй гэж харж байна.
- Монголын Үнэт цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо энэ удаагийн чуулганд ямар байр суурьтай, хэрхэн оролцох вэ?
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь “ASF”-ийн идэвхтэй гишүүний хувьд энэхүү чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулахад манлайлан оролцоно. Бид хамтран зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог, боломжийг таниулах, салбарынхаа дуу хоолойг олон улсад хүргэх, бодлогын чухал хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцох болно. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлах, бүс нутгийн санхүүгийн интеграцчлалд идэвхтэй хувь нэмэр оруулах, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна.
- Азийн хөрөнгийн зах зээлийн гол арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Монгол улсын нэрийг өргөнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Таны ажилд мөн амжилт хүсье.