Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүнүүд оролцохоор болсныг Кремль уржигдар мэдээлсэн.
Тэгвэл тэдгээрээс хоёр нь эцсийн мөчид төлөвлөсөн айлчлалаа цуцалсныг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өчигдөр баталжээ.
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев “эцэг Гайдар Алиевын дурсгалд зориулсан дотоод арга хэмжээнд оролцох болсон тул” Москвад хүрэлцэн очихоосоо татгалзсан байна.
Харин Лаосын ерөнхийлөгч Тунглун Сисулит коронавирусийн халдвар авсан тул айлчлалаа цуцалж, гадаад хэргийн сайдаа илгээхээр болсныг Ушаков мэдээлжээ.
Илхам Алиевын хувьд хамгийн сүүлд 2015 онд Москвад болсон ялалтын баярт оролцож байсан юм.
Өчигдөр бас Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийн нисэх онгоц Азербайжаны нийслэл Баку хотод ослын буулт хийж, Москвад буух цагаасаа нэлээд хугацаагаар хоцорсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнийг зарим эх сурвалж өчигдөр өглөө Москва хотын нисэх буудлууд Украины дроны халдлагад өртсөнтэй холбон тайлбарлаж байна.
Харин Оросын төрийн өмчит мэдээллийн агентлаг ТАСС энэ саатлыг “төлөвлөгөөт газардалт” гэж тайлбарлажээ.
Москвад буух зөвшөөрлөө хүлээн Бакуд саатсан уу, эсвэл онгоцоо түлш шатахуунаар цэнэглэх гэж буусан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Ямартай ч өчигдөр орой Москвад газардсан онгоцноосоо Вучич бууж байгааг Оросын телевиз харуулжээ.
Ялалтын баярт Европын орнуудаас зөвхөн Серби, Словакийн ерөнхийлөгч нар оролцож байгаа.
Балтийн тэнгисийн гурван улс тэдний онгоцыг нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрүүлэхгүйг өмнө нь анхааруулсан юм.
Сербид суугаа ОХУ-ын элчин сайд Александр Боцан-Харченко өчигдөр Вучичийн айлчлалд саад хийхийг оролдсон Өрнөдийн орнуудыг шүүмжилж, үүнийг нь “нео- Нацист үйлдэл” хэмээн нэрлэсэн байна.
Лхагва гарагийн шөнө Украины тал ОХУ-ын нутаг дэвсгэрт дайн эхэлснээс хойших хугацааны хамгийн том дроны довтолгоог зохион байгуулсан юм.
Үүний улмаас Оросын эрх баригчид нийслэл Москва болон түүний ойр орчмын нисэх буудлуудын үйл ажиллагааг хэд хэдэн удаа зогсоосон байна.
Оросын Аялал Жуулчлалын Операторуудын Холбоо дээрх тасалдал 60,000 гаруй зорчигчдод нөлөөлснийг мэдээлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам Лхагва гарагийн шөнө таван бүс нутагт Украины 524 дрон, бас хэд хэдэн пуужинг устгаснаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: ТАСС, The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
104 СЭТГЭГДЭЛТЭЙ
|