Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Япон улсын 15 хүртэл настай хүн амын тоо гадаадын оршин суугчдыг оролцуулаад 13.66 сая байсныг Ням гарагт нийтлэгдсэн засгийн газрын тоо баримт харуулжээ.
Энэ нь өмнөх оноосоо 350,000-аар буурсан үзүүлэлт юм байна.
Нийт хүн амд эзлэх хүүхдийн хэмжээ өмнөх оноосоо 0.2 нэгж хувиар буурч, 11.1 хувьд хүрсэн нь албан ёсны тооллого эхэлсэн 1950 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
НҮБ-ын гаргасан тооцооллоор 40-өөс дээш сая хүн амтай дэлхийн 37 улсын дотор Япон улс нийт хүн амд эзлэх хүүхдийн хэмжээгээр сүүлээсээ хоёрдугаарт жагссан байна.
Энэ үзүүлэлтээр 10.6 хувьтай Өмнөд Солонгос улс зөвхөн Японы ард эрэмбэлэгдсэн юм.
Япон улсад хүүхдийн тоо 1982 оноос хойш 44 дэх жилдээ дараалан буурчээ.
1954 онд 29.89 сая хүүхэд тоологдсон нь түүхэнд дээд үзүүлэлт болж байсан байна.
Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны дараа тохиосон “baby boom” гэгддэг хүүхэд төрөлтийн идэвхтэй үе юм. Хоёр дахь ийм үзэгдэл Японд 1971-1974 онуудад ажиглагдаж байжээ.
Өнөөдөр буюу Даваа гарагт Японд хүүхдийн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг угтуулан тус улсын дотоод хэргийн яам 15 хүртэл насны хүн амынхаа тоог шинэчлэн зарласан юм.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|