Өнгөрсөн жилүүдэд өмч хувьчлах жагсаалтад орсон нийслэлийн 28 барилга байгууламжаас 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасах, гурван барилгыг актлан нурааж, газрыг олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох, гурван барилгыг актлан, газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн хоёр барилгын газарт хот төлөвлөлтийн трасс давхцал байгаа эсэхийг хянах, хоёр барилгын хувьчлалын хэлбэрийг өөрчлөх, мөн дөрвөн барилгыг нийслэлийн өмчид хэвээр үлдээхээр болсон байна.
Тухайлбал НИТХ-ын тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар батлагдсан Баянгол дүүргийн 1, 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, Тус дүүргийн 20 дугаар хорооны Цагдаагийн хэсэг байрлаж байсан байрыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгож тохижуулна.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах халуун усны барилгыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар болгох, “Монгол шуудан” ХК-ийн түрээсийн гэрээгээр эзэмшиж буй дөрвөн барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хасна.
Менежментийн болон удирдлагын гэрээний үр дүнг харгалзан хувьчлах ажлын хүрээнд "Ану сервис" ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй найман халаалтын зуухны гурвыг нь хувьчлах жагсаалтаас хасах, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын гэрээг хааж, хувьчлах жагсаалтаас хасах, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны "Багахангайн Мах боловсруулах үйлдвэр" ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Нийслэлийн өмчийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн "Ж” блокийн барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах, Баянгол дүүргийн долдугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин барилга, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны халуун усны барилгуудыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгож тохижуулах юм байна.
Эдгээр шийдвэрийг Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос гаргажээ. Тус комиссыг хотын дарга Х.Нямбаатар ахалдаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!