ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны титэм төвийн 1,226 ам метр талбайг нийслэлийн өмчид буцааж авчээ

Б.Манлай
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1,222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцааж авчээ.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт нийт 1,222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа. Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст өнөөдөр "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох байдлаар өмч хөрөнгөө эргүүлэн авч байна.

Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нураана. Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал авах тул аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийслэлийн өмч хөрөнгө иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстой” гэв.

зураг
 

Уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орж, УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын балансад бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилжээ.

Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1,222 ам метр талбайг хувьчлаагүй байна.