Омни Капиталын ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэнтэй эдийн засгийн хямрал бидний амьдралд үзүүлэх нөлөөлөл, мөн хэрхэн даван туулах талаар ярилцлаа.
- Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Монголын санхүүгийн зах зээлд ямар нөлөө үзүүлж байна вэ?
- АНУ Хятадын худалдааны дайн хэр даамжирсныг бид бүгд мэдэж байгаа.
Үүнтэй холбоотой Хятад газрын ховор элементийн нийлүүлэлтээ хязгаарлаж эхэлсэн. Хөнгөн цагаан, литум, цайр гэх мэт газрын ховор элементүүд нь электроникийн салбар болон авто индастри, чип зэрэгт чухал ач холбогдолтой хүнд металлургийн ба өнгөт металлын үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд. Үүнтэй холбоотой Хятадын металлургийн үйлдвэрлэл түүхий эдийн дутагдлаас үйл ажиллагаа хумигдах, коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний эрэлт буурах болов уу. Нэгэнт манай экспортын 42% хувийн орлогыг бүрдүүлдэг нүүрсний үнэ тонн нь 120 ам доллар байх таамаг 80 ам доллар руу буюу 30% алдагдал хүлээгээд эхэллээ. Манай улс чинь “нүүрсний эдийн засаг”-тай улс гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Үүнийг дагаад валютын нөөц хомсдож төгрөгийн ханш унаж байгааг бид өнөөдөр амьдрал дээрээ мэдрээд сууж байна.
- Монголын экспорт ч, бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч тэр Хятад улсаас бүрэн хамааралтай тийм үү?
- Монголын гаднын улс орноос худалдан авах чадавхыг нэмэгдүүлэх гол валют нь ам.доллар ба юань. Төгрөгөөр бид нар хэзээ ч гадаадын улс орнуудаас бараа худалдаж авч чадахгүй. Өөрөөр хэлбэл бид нар үндсэндээ Хятад улсын металлургийн болон эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхий эдийн өчүүхэн хэсгийг л нийлүүлэгч улс шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө Хятадын эдийн засагт худалдааны дайн нөлөөлж байгаа тохиолдолд бид нар дагаад савлана аа л гэсэн үг. Савлах савлахдаа бид нар илүү дарцаг шиг намирах нь ойлгомжтой нөхцөл байдалд байдаг. Дээрээс нь бидний барилгын болон хөдөө аж ахуйн салбарын импортын улирал ирж байгаа нь гадаад валютын гадагш урсгал нэмэгдүүлж байна.
- Дэлхийн эдийн засгаасаа Монгол руугаа орохоос өмнө дэлхийн бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, буурч байгаа юу? Хямралын шинж тэмдэг дэлхий эдийн засагт ажиглагдаж байгаа юу гэдэг нэг асуулт байна.
- Том зургаараа Дэлхийн эдийн засаг тогтмол өсдөг хэвээрээ. Харин дээр дурдсан худалдааны дайн хоёр талаасаа үнэхээр хүндэрвэл хямрал болох, дэлхийн бүх хүмүүст нөлөөлөх магадлалтай. Гэхдээ миний бодлоор дэлхийн хамгийн хоёр том эдийн засаг хоёулаа бие биетэйгээ нударга зангидаад удаан байх боломжгүй. Өөрсдөө бас шархдаад, цус алдаад байгаа учраас удаан үргэлжлэхгүй байх гэж найдаж байна.
- Одоо Монголын хувьд эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа тухай сэдэв рүү оръё.
- Монголын эдийн засагт шууд хамааралтай Хятадын үл хөдлөхийн салбар, төмрийн үйлдвэрлэлийн салбар удаашрангуут кокс болон эрчим хүчний нүүрсний экспорт уналаа. Сүүлийн 2, 3 дугаар саруудад дуудлага худалдаагаар нүүрс зарагдахгүй шахуу байна шүү дээ. Тэгэхээр нэгт үүнээс шалтгаалаад төсвийн тэнцэл алдагдалтай гараад байгаа. Хоёрт төсвийн зарлага 35 их наяд маань түүхэн дээд хэмжээгээр төлөвлөсөн. Ерөнхийдөө хэт үрэлгэн Засгийн газар, хэт үрэлгэн төслүүдтэй болчихсон. Миний бодлоор энэ хэдэн романтик том төслүүдээ цөөлөөд төсвийн тодотголоо хийхгүй бол асуудалтай болчихсон. Нэгэнт л төсвийн тэнцэл экспортын алдагдалтай нөхцөлд долларын ханш болон инфляц “буудахаар” байна. Сүүлийн саруудад инфляц 10%-тай гарчихлаа шүү дээ.
“Төрөөс иргэд ээ, бизнесүүд ээ та бүхэн хэрэглээгээ хязгаарла аа гэдэг шийдвэрүүд гараад байна. Харин иргэн хүний зүгээс зөрүүлээд төр та хэрэглээгээ хэр багасгаж байна гэж асуумаар байна.”
- Тэгэхээр төсөв алдагдалтай, ам.долларын ханш огцом өссөн, инфляц хоёр оронтой тоо руу орчихсон бол манай эдийн засаг хямралаас хэр хол байна вэ?
- Миний бодлоор Монголд эдийн засгийн хямрал эхэлчихсэн. Хямралын шинж тэмдгүүд 70-80 хувь илэрч байна. Засгийн газар маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Арга хэмжээ гэхээрээ гол нь манай засаг өөрсдөөсөө алдаагаа хайгаад, алдаагаа ухаарч, өөрсдөөсөө арга хэмжээгээ эхлэхгүй бол манайхан чинь механик хэлбэрээр зохицуулах гээд байдаг. Зүгээр ам.доллар зарахаа болиод эсвэл долларын хадгаламжийг хязгаарлах гэх мэт зохицуулалт хийдэг. Жишээ нь санхүүгийн зах зээл дээр буюу банк болон банк бус санхүүгийн зах зээл дээр хийсэн шийдвэрүүдээр асуудлыг шийдээд л инфляцыг багасгана маягийн юм яриад байна. Экспортын орлого бүрдэхгүй байгаа учраас улсын төсөв алдагдалтай болж байна. Экспортын орлого бүрдэхгүй байгаа учраас валютын нөөц буурч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ төрийн зохицуулах байгууллагуудын гаргаад байгаа шийдвэрүүд чинь хэний төлөө юуг зохицуулах гээд байгааг эргэцүүлж бодмоор. Өөрөөр хэлбэл иргэд ээ, бизнесүүд ээ та бүхэн хэрэглээгээ хязгаарла аа гэдэг шийдвэрүүд гараад байна. Харин иргэн хүний зүгээс зөрүүлээд төр та хэрэглээгээ хэр багасгаж байна гэж асуумаар байна.
Ер нь бол дандаа иргэд рүү чиглэсэн, иргэдийн хэрэглээний зээл, өрхийн эдийн засагтай холбоотой хэрэглээнүүдийг хязгаарласан. Бага худалдан авалт хийгээч ээ, бага мөнгө хэрэглээч ээ, доллар битгий аваач ээ гэсэн мессеж өгч байна. Тэгэхдээ яг үндсэн том засвар төсөв дээр шаардлагатай байгаа шүү дээ.
- Миний хэрэглээг багасгачихсан дээрээс нь инфляц, долларын ханшны нөлөөллөөр миний худалдаж авдаг бүтээгдэхүүн дахиад өсчихнө. Тэгэхээр миний орлого өсөхгүй хэр нь гардаг зардал маань өсөх гээд байна. Энэ тохиолдолд өрх гэр, иргэд яаж энэ хямралыг хохирол багатай даван туулах вэ?
- Энэ нөхцөлд миний бодлоор өрхийнхөө санхүүд гурван зүйл дээр бодох, анхаарах, өөрчлөлт хийх нь зүйтэй болов уу. Нэгт та тогтмол орлогоо яаж нэмэгдүүлэх хэрэгтэй вэ? Хоёрт нь таны хэрэглээний зардал чинь өсөөд байна. Өмнө нь 1 сая төгрөг зарцуулдаг байсан хүнсэндээ 1 сая 100, 200 мянган төгрөг болох тул зардлаа яаж танах вэ? Гуравт. Орлого зардлаас гадна хадгаламж, хуримтлалаа нь яаж зөв удирдах ёстой юм бэ?
- Хямрал, санхүүгийн хүндрэлтэй үед орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?
- Орлогоо нэмэгдүүлэх боломж хангалттай байгаа. Яагаад вэ гэхээр Монголд ажиллах хүч шиг дутагдалтай нөөц байхгүй байна шүү дээ. Ажилгүйдлийн түвшин ер нь 6 хувь орчим буюу харьцангуй бага байгаа гэж байсан. Тэгэхээр цагийн ажил хийх, үндсэн ажлын хажуугаар оройн цагаар суух ажил, онлайнаар ажил хийх зэргээр орлогоо нэмэгдүүлэх харьцангуй боломжтой гэж боддог. Гэхдээ анхаарах зүйл нь хямралын үед хүн өндөр эрсдэл гаргахаас зайлсхийх нь зүйтэй гэж зөвлөдөг. Үндсэн орлого бүрдүүлдэг буюу үндсэн ажлаа, үндсэн бизнесээ солих нь эрсдэлтэй гэж үздэг. Харин үүнийхээ хажуугаар нь нэмэлт орлогын эх үүсвэрийг ашиглаж жишээ нь онлайн шоп ажиллуулах, хувиараа такси эрхлэх, CU, GS25, кофе шопод оройн цагаар ажиллах гэх мэтээр боломжуудыг ашиглаж болох юм. Зөвхөн залуучууд гэлтгүй Имартад тэтгэврийн хөгшчүүд тэргэнцэр, сагс цэгцлээд, өрөлт хийгээд л явж байна. Ажил олгогчид цагийн ажлын боломжуудыг нээгээд өгчихсөн.
- Зардлаа танах бидний хувьд, өрх гэрийн хувьд хамгийн хэцүү асуудал санагдлаа.
- Хоол хүнсээ багасгах, өргөн хэрэглээний зардлаа бууруулах нь амьдралын чанарыг, тайван амьдрах сэтгэл зүйг муутгах хамгийн муу шийдвэр. Энд тансаг хэрэглээгээ багасгах, түр тэвчих гэх мэт зардлуудын тухай яригддаг. Өөрөөр хэлбэл ойрын нэг жилд утсаа шинэчлэх, машинаа солих, гадаад руу аялах тухай бодлоо тархинаасаа авч хаяарай. Машинаа, утсаа сайжруулъя гэж бодож байгаа бол түр азнаад одоо байгаагаа илүү засаж сайжруулаад байж болох бил үү гээд бодоод үзээрэй. Ингээд зардлаа хэмнэх, хямгатай зарцуулах нь энэ хямралын үед ч юм уу эдийн засгийн хүндрэлтэй байгаа үеийг арай илүү дарамт багатайгаар даван туулахад нэмэртэй гэж бодож байна.
- Одоо тэгвэл гуравдугаар чухал зүйл буюу эдийн засгийн хүндрэлтэй үед хуримтлалаа хэрхэх тухай ярилцъя.
- Хуримтлалаа та хэрхэн хадгалж, ямар санхүүгийн шийдлийг ашиглан хэдэн хувь өсгөж байгаа нь хамгийн гол асуудал. Учир нь эдийн засгийн хямрал, хүндрэлийн үед долларын ханш болон инфляцаас хөрөнгөө хамгаалах тухай илүү яригддаг.
Жишээ нь инфляц 10 хувьтай байх үед та 10 сая төгрөгтэй гэж бодъё. 10 сая төгрөгөө бэлнээр 1 жил хадгалахад таны 10 сая төгрөгийн худалдан авах чадвар 900 мянга болсон байна. Харин банкны хугацаатай хадгаламжид хийсэн гэе. Өнөөдөр банкны хадгаламжийн жилийн дундаж хүү 14 хувьтай байгаа. Тэгвэл таны мөнгө жилийн дараа 11 сая 400 мянга болсон ч инфляцыг тооцвол 400 мянган төгрөгөөр өссөн байна. Харин манайхны хувьд шинэ ойлголт болох бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулбал жилийн 18 хувь буюу 800 мянган төгрөгөөр таны хуримтлал өсөх юм. Энэ мэтээр хуримтлалаа инфляцаас хамгаалах төдийгүй эрсдэл багатай өсгөх боломжуудыг эрэлхийлэх нь зөв. Харин хямралын үед хувьцаа, бизнесийн хөрөнгө оруулалтуудыг төдийлөн зөвлөдөггүй. Миний хувьд койн, мөрийтэй тоглоом, онлайн бооцоо зэргийг хямралтай байсан ч, эдийн засаг таатай байсан ч хэзээ ч битгий оролдоорой гэж зөвлөдөг. Эдгээрийн хувьд ялагч гэж байдаггүй. Эдгээрийг зохион байгуулж буй хүмүүс л зүй бусаар хөрөнгөжих дүрэмтэй байдаг.
“Хямралын үед анхаарах зүйлс: Орлого, Зардал, Хуримтлал + Зээл”
- Таны зүгээс хямралын үед бидэнд өгөх 3 зөвлөгөө нь орлогоо нэм, тансаг хэрэглээнд тооцогдох зардлаа хойшлуул, хуримтлалаа эрсдэл багатай өгөөж өндөр бондод оруулах гэж ойлголоо.
- Тиймээ. Хямралын үед анхаарах дөрөв дэх асуудал бас байна. Энэ бол зээл. Ялангуяа хувь хүмүүс хоорондын зээл. Найздаа мөнгө зээлсэн бол сүүлийн удаа сайхан тэврээд салаарай гэсэн хошигнол байдаг даа. Энэ бол сайныг гэхээсээ саар үр дагаврыг дагуулдаг, харилцааг муутгадаг, хамгийн буруу санхүүгийн харилцаа. Өөрөөр хэлбэл хүнд зээлсэн мөнгө бол хариуд нь юу ч авахгүй хоосон зардал гэж ойлгоход болно. 10 жилийн өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагууд яаралтай мөнгөний хэрэгцээг буюу 50, 100 мянган төгрөгийн хэрэгцээг хангаж чаддаггүй байсан тэр үед энэ харилцаа байсан. Харин 2017 онд монголд ЛэндМН анхны финтек компани энэхүү асуудлыг технологийн тусламжтай шийдэж эхэлснээр өдгөө 60 гаруй “зээлийн апп” гэгдэх санхүүгийн үйлчилгээ зах зээлд нэвтэрсэн байна.
Муу хэлэгддэг ч санхүүгийн том байгууллагуудын хүрч үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг байсан тэр хэрэгцээг эдгээр компаниуд үзүүлж байгаа. Хэрэв найз чинь, танил чинь мөнгө зээлээч гэвэл зээлийн апп-ыг сануулах хэрэгтэй. Хэрэв апп-аас зээл өгөх боломжгүй гэвэл мөнгө зээлэх гэж байгаа хүн өөртөө дүгнэлт хийхээс аргагүй. Учир нь таныг санхүүдээ анхаараач ээ, та өөрийн хэрэглээгээ хангаж чадахгүй нөхцөлд хүрчээ гэсэн сануулга юм. Энэ нь зээл олгогч өөрийн эрсдэлээ тооцож татгалзсан гэхээсээ илүү зээлдэгчийг, таныг бодсон хариулт гэж ойлгох хэрэгтэй.
- Эцэст нь та бид хоёрын ярилцлагад дурдагдаагүй нэмж хэлэх зүйл байвал хуваалцаач?
- Эдийн засгийн хямралыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй юм. Хямрал гэдэг зүйлийг давна аа гэдэг чинь бизнес эрхлэгчид, өрх гэр, хувь хүмүүсийн хувьд нэг талаас дарамттай стресстэй зүйл боловч нөгөө талдаа өөрийгөө дараагийн шатад гаргах хөгжүүлэх нэг сорилт, хөшүүрэг болдог шүү дээ. Энэ хугацаанд жоохон хичээгээд, өөр шинэ боломжуудыг судлаад эхлэхээр тэр нь цаашдын 5, 10 жилийн амжилтын том гишгүүр болдог. Өөрөөр хэлбэл би цагийн ажил хийгээд байгаа чинь өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадвар эзэмшиж байна гэсэн үг. Өрх гэрийнхээ зардлаа хэмнэж сурч байна гэдэг өрхийн санхүүгийн менежментээ нэг шат ахиулж байна гэсэн үг. Магадгүй хувь хүн зардлаа бууруулах зорилгоор алкоголь, тамхи татах гэх мэт муу зуршлаасаа салах нь эрүүл мэндийн нэг ахиц.
“Уналт дуусаад өсөлтийн цэг эхэлж байх үеийг сайн мэдэрч чадвал хямрал эсрэгээрээ амжилт, ашиг, боломж болдог зүй тогтолтой.”
Компаниуд хүний нөөцийн болон үйл ажиллагааны зардлаа хэмнэх, бүтээмж өсгөх шийдэл, технологийн боломжуудыг эрж хайж, нутагшуулдаг. Зардал багатай санхүүгийн эх үүсвэрүүдийг эрэлхийлэх, ногоон эко зээл авахын тулд төсөл бичиж сурна, үр дүнг нь ирэх 10 жил хүртэнэ. Өмнөх олон хямралын туршлагаас бид хямрал тогтсон хэв маяг өөрчилж, шинэчлэл авчирдгийг мэдэж байгаа.
Хямралын эхэн үе нь биднийг тогтсон хэв маягаараа үргэлжлүүлэн амьдрахад төвөгтэй болгож улмаар замбараагүй байдал үүсгэчихдэг. Тэгэхээр замбараагүй байдал бидний амьдрал, бизнест эрсдэл үүсгэж байгаа ч гэлээ яг бодит үр дүн дээр яадаг вэ гэхээр боломж гаргаж ирдэг. Жишээ нь энгийн үед орон сууцны хотхонд 5 дэлгүүр ажиллаад эрэлтийг бүрэн хангадаг байхад 6 дахь дэлгүүр ашигтай ажиллах боломжгүй. Харин хямралын үед 5 дэлгүүрийн үйл ажиллагаа зардлын дарамтад орж байхад илүү хямд үнээр онлайн захиалга хүргэлт хийдэг шинэ тоглогч амжилттай ажиллах шинэ орон зай гарч болох юм.
Хямрал, уналт явсаар хамгийн доод цэгтээ хүрээд эргэж өснө шүү дээ. Тэгэхээр уналт дуусаад өсөлтийн цэг эхэлж байх үеийг харин сайн мэдэрч чадвал хямрал эсрэгээрээ амжилт, ашиг, боломж болдог зүй тогтолтой. Тэр үед бэлтгэлээ хангачихсан, өөрөө бэлэн байх хэрэгтэй.
Эцэст нь Монголчууд гэлтгүй дэлхий даяар олон хямралыг давж, олон ч сургамжууд авсан. Юу нь өөрчлөгдөж юу нь сайжирдгийг бүгдээрээ харчихсан. Хамгийн ойрхон бол ковид цар тахлын үе байна. Түүний өмнөх нь уул уурхайн хөрөнгө оруулалтаас хамаарсан 2013-2014 оны хямрал байна. Аливаа зүйл хугацаатай, ялангуяа хямрал ихэвчлэн богино хугацаанд үргэлжилдэг. Орсон бороо арилдаг, ирсэн зочин явдаг гэдэгтэй адилхан удахгүй эдийн засаг сэргэж, нөхцөл байдал сайжрах учир стресс, бухимдахгүй шийдэл хайгаарай гэж хэлмээр байна.
- Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
- Танд ч бас. Баярлалаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!