Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны есдүгээр сараас эхлүүлж, өнгөрсөн хугацаанд талууд нийт хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулаад байна. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг нийт зургаан удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдсан.
Мөн тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулсан. Тус ажлын хэсэг нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулан байгуулсан. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр нийт 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлснийг Л.Гантөмөр сайд дурдахын зэрэгцээ хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн зургаан оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн дөрвөн төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон гэж байлаа.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгууллаа. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн гурван жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээж, 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 7.5 хувь байхаар тохиролцсон, харин 90 сая ширхгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь байхаар тохиролцсон. Харин улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 30.0-70.0 мянган тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосон. Үүнийг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон. Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ыг ашиглан тооцоолол хийж үзэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, Евразийн эдийн засгийн холбоо руу хийх нийт экспортын хэмжээ 24.1 хувь буюу 28.4 сая ам.доллароор тус тус нэмэгдэх үр дүн гарч байна. Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувь тус тус нэмэгдэх боломжтой байна. Эдгээр зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.
Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал худалдааны түр хэлэлцээрт ороход бэлэн эсэх, таван орны стандартыг хангасан 367 бараа, бүтээгдэхүүн бидэнд байгаа юу гэдэг нь хамгийн чухал асуудал гэж байлаа. Мөн тэрбээр “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилт тавиад, тодорхой хөрөнгө, хүч зарцуулж байгаа энэ цаг үед түр хэлэлцээрт орж зарим бүтээгдэхүүнийг квотын хүрээнд тарифыг нь тэглэж буй нь баялаг бүтээгчдийнхээ хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрсдэлтэйг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хэлэлцээрт орохдоо нийтийн эрүүл мэндийн үр нөлөөг харах нь зүйтэй гээд Монгол Улс 2003 онд батлагдсан Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн. Уг конвенцод олон улс чөлөөт худалдааны гэрээ хийхдээ тамхи, тамхин бүтээгдэхүүнийг гааль татвараас чөлөөлдөг, хөрөнгө оруулалтыг дэмждэг байдлыг зогсоох заалттай. Үүнийг бариад хэлэлцээрт нэгдэхээс өмнө тамхи, электрон тамхин бүтээгдэхүүнийг хасах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа, 2024 оны 07 дугаар сарын 03-ны хоёр тал барааны жагсаалтаа эцэслэсэн нөхцөл байдалд миний хувьд хэлэлцээрт орж эхэлсэн тул бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байна хэмээв. Мөн парламентын гишүүдээс дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах шаардлагатай гэсэн байр суурийг олноор илэрхийлсэн тул бид хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналыг тавьж, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ямар бараа, бүтээгдэхүүнд тариф тавих талаар санал авсан. Дотоодод үйлдвэрлэж буй 23 бараа, бүтээгдэхүүний хамгаалах санал ирсэн тул энэ дагуу хэлэлцээрийг сүүлийн гурван сар хийж байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсад оруулж ирж буй нийт тамхины 50 хувийг Бүгд Найрамдах Солонгос улс, 23 хувийг Бүгд Найрамдах Казахстан улс эзэлдэг гээд цаашид тамхи, тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг их хэмжээгээр нэмэх саналыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас оруулж ирнэ гэж хариулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг асуудлаар Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг хийж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн гишүүдийн тооцоо, судалгаа дутуу байна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд хэлэлцээрт орсноор эдийн засгийн боломж, бодит ашиг, үр дүнг тооцсон тодорхой асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн энэхүү хэлэлцээр Монгол Улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьдралтай шууд холбоотой тул асуудлыг нягталж, гишүүдийн байр суурь, олон талын мэдээллийг нэгтгэх шаардлагатай. Иймд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|